НҮБ-ын нарийн бичгийн дарга хүйтэн дайнаас зайлсхийхийг уриалав 
2019-06-07

 

Дэлхийн улс орны тэргүүнүүд шинэ хүйтэн дайнаас зайлсхийхийн тулд ухаалаг байх хэрэгтэй хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Петербургийн олон улсын эдийн засгийн форумын нээлтийн үеэр үг хэлэхдээ онцолжээ. 


“Бид дахин хүйтэн дайн туулахгүйн тулд төрийн тэргүүнүүд ухаантай алхам, шаардлагатай бүх зүйлийг хийх ёстой” хэмээн Антониу Гутерриш мэдэгдсэн байна.

 

Түүний үзэж байгаагаар олон орны удирдлагууд “тогтвортой хөгжлийн зорилгод биш харин хувийн амбицад хэт анхаарч” байгаа гэнэ. 


“Өмнө нь хоёр туйлт байсан дэлхий дараа нь олон туйлт болсон. Харин одоо эмх замбараагүй болсон гэж хэлж болохоор байна” гээд “илүү шударга даяарлалд тэмүүлэх ёстой гэсэн ойлголт харьцангуй төлөвшсөн” гэдгийг онцоллоо. 


Ийнхүү дэлхийн улс төрийн тавцан дахь нөхцөл байдлын талаар ярьсны зэрэгцээ дэлхий гаригийн тогтвортой хөгжил тэр дундаа цаг уурын өөрчлөлтөд дэлхий нийт анхаарлаа хандуулах ёстойг цохон тэмдэглэсэн байна.  


“Цаг уурын өөрчлөлт бид бүгдэд ноцтой заналхийлж байгаа ч бид үүнийг сөрөн зогсохын тулд хангалттай шуурхай байж чадахгүй байна” гээд энэ асуудлыг шийдэхэд хугацаа бага үлдсэн гэдгийг санууллаа.

 
Түүнчлэн  улс хооронд болон улс доторх тэгш бус  байдал өсөн нэмэгдэж байгааг зогсоох шаардлагатай,  “учир нь тэгш бус байдал нь итгэлцлийг багасгаж, шударга бус байдлыг мэдрэх мэдрэмжийг гүнзгийрүүлдэг” хэмээжээ. 

 

“Даяаршил олон хүнд ядуу зүдүү амьдралаас салах боломж олгосон. Гэхдээ хүн бүрт ижил тэгш үр ашигтай боломж олдохгүй байна.” хэмээн цохон тэмдэглэсэн байна.  Мөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангахад илүү олон зүйл хийх ёстойг  онцлоод “Бид одоогоор тавьсан зорилгодоо хүрч чадаагүй байна. Бидний хүчин чармайлт зарим тохиолдолд эсэргүүцэлтэй тулгарч, харин нөгөө талаар хүйсийн тэгш бус байдал өссөөр байна ” хэмээн Гутерриш мэдэгдсэн байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тиймээ. дайнаар ямар ч асуудал шийдэгдэхгүй. дайнаар асуудлыг шийддэг цаг ард хоцорсон. зөвхөн эвийн аргаар асуудлийг шийдэх нь зөв. Эх дэлхий маань дайн дажингүй амгалан тайван байх болтугай.
2019-06-07