Цөмийн гүрнүүд "тоонд биш ЧАНАРТ" анхаардаг болжээ
2019-06-17

 

Цөмийн зэвсгийн салбарын олон улсын шинжээчид энэхүү зэвсгийн өнөөгийн байдлын талаарх илтгэл гаргажээ. 


Илтгэлд онцолсноор дэлхий дээрх цөмийн зэвсгийн нийт тоо багасч байгаа ч цөмийн гүрнүүд энэ төрлийн зэвсгээсээ цаашид татгалзахад бэлэн биш байгаа тул илүү сайжруулах тал дээр ажиллаж байгаа гэнэ. 


“2018 онд цөмийн хошууны нийт тоо багассан ч гэлээ цөмийн гүрнүүд энэ төрлийн зэвсгээ сайжруулах, шинэчлэх ажлыг үргэлжлүүлсээр байна” гэж Стокгольмын дэлхийн асуудлын судалгааны олон улсын хүрээлэнгийн тайланд дурдсан байна. 


2019 оны эхэн гэхэд цөмийн 9 гүрэн (Орос, АНУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Израиль болон БНАСАУ ) нийтдээ 13 865 цөмийн зэвсэгтэй гэсэн тоо гарсан бөгөөд өнгөрсөн оны эхээр энэ үзүүлэлт 14 465 байжээ.


Шинжээчдийн тооцоолсноор, цөмийн зэвсгийг бууруулах тухай гэрээ хийснээр,  нийт цөмийн зэвсгийн 90 орчим хувийг эзэмшдэг Орос болон АНУ –ын хүчин зүтгэлээр цөмийн зэвсгийн тоо буурсан гэнэ. 


Дээрх гэрээг сунгахгүй бол 2021 онд хугацаа нь дуусна. Одоогоор гэрээний талууд сунгах эсэх тал дээр ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа юм. Харин Орос, АНУ аль алинд нь цөмийн хошууг солих, шинэчлэх, түүнчлэн пуужингийн болон цөмийн хошуу тээвэрлэх нисэх төхөөрөмжийг шинэчлэх хөтөлбөрт асар их хөрөнгө хүч хаяж байгааг илтгэлд онцолжээ. 


Түүнчлэн Хятад, Энэтхэг, Пакистан улсууд цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж байгаа бол БНАСАУ цөмийн хөтөлбөрөө үндэсний аюулгүй байдлын гол баталгаа гэж харсан хэвээр байгааг олон улсын шинжээчид цохон тэмдэглэж байна. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин