Грек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь
2019-06-26

 

Олимпийн түүхийг өлгийдөн авч, орчин цагийн олимпийн анхны наадмыг зохион байгуулж байсан Грек улсын Спирос Капралос Олон улсын олимпийн хорооны бүрэлдэхүүнд багтах магадлалтай байна. Өмнөх гишүүн Ламбис Николаоу нь 80 насандаа 2015 онд албан тушаалаа өгснөөс хойш тус улсын төлөөлөлгүй явж иржээ. ОУОХ-ны анхны ерөнхийлөгч Деметриус Викеласаас (1894 оноос) эхлээд грек гишүүнгүй явж ирсэн түүх ердөө энэ. 


Усан бөмбөгийн төрлөөр 1980, 1984 оны олимпод оролцсон Капралос 2009 оноос хойш Грекийн олимпийн хороог тэргүүлж байгаа юм. Зургаадугаар сарын 24-26-нд Лозаннд хуралдаж буй ОУОХ-ны чуулганы үеэр тус байгууллагын гишүүнээр сонгогдохоор нэр дэвшээд буй 10 эрхмийн нэг нь Капралос. Бусад нэр алдартай эрхмүүдийг дурдахад Коста-Рикагийн ерөнхийлөгч асан 60 настай Лаура Чинчилья, Credit Suisse банкны гүйцэтгэх захирал, Франц-Зааны Ясан эргийн 56 настай банкир Тижане Тиам нарыг дурдаж болно. Түүнчлэн Африкийн ҮОХ-дын ерөнхийлөгч Мустафа Берраф (Алжир), Энэтхэгийн олимпийн хорооны тэргүүн, Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Нариндер Батра, Солонгосын спорт-олимпийн хорооны ерөнхийлөгч Ки Хён И нар хашиж буй албан тушаалынхаа дагуу нэр дэвшжээ. 


Харин Капралос, Чинчилья, Тиам нар бие даасан гишүүнээр нэр дэвшээд байна. Мөн Индонезийн олимпийн хорооны ерөнхийлөгч, хөлбөмбөгийн “Интер” багийн эзэн асан 48 настай Эрик Тохир бас ОУОХ-ны гишүүн болохоор завдан буй.
Африк тивээс дөрвөн нэр дэвшигч байгаагийн эхнийх нь Тиам, мөн Камеруний Нцама Ассембл Селестин Одетт Эпсе Энгулу, Лесотогийн Матлохан Мойлоа-Рамокопо, Кабо-Вердегийн Филомена Мариа Спенсер Африкано Фортес нар байна. 48 настай Энгулу Камеруний бадминтоны холбооны тэргүүн, тус улсын олимп спортын хорооны дэд ерөнхийлөгч аж. 51 настай Мойлоа-Рамокопо, 53 настай Фортес нар өөрсдийн орны олимпийн хороог тэргүүлдэг.

 

Ингэснээр ОУОХ-ны гишүүдийн тоо 105-д хүрэх болно.

Ц.Ганбат
 

Shuud.mn
Сонин хачин
монгол улсыг хэн төлөөлж байхын. магван тэтгэвэртээ гарчихсан
2019-06-26