Дэлхийг шуугиулсан археологийн олдворыг үзэсгэлэнд дэлгэв
2019-06-27

Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй томоохон ажлын нэг нь БНХАУ-ын Өвөрмонголын музей, Монголын үндэсний музейтэй хамтран дэлгэсэн “Хятан-И Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр” үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2019.06.27/ Үндэсний музейн их танхимд боллоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын БСШУСЯам, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, Аялал Жуулчлалын Тэнхимийн төлөөлөгчид оролцсон бөгөөд Өвөр Монголын музейн захирал доктор, профессор Чень Ён Жи, Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэнгийн орлогч захирал Жан Жүн Шин нар оролцож Хятаны соёл, түүх археологийн дурсгалуудын талаар лекц уншив.

 

Хятан улс нь Х-ХII зуунд Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрж асан нүүдэлчин угсааны үндэстэн юм. Хятанчууд 916 онд Их Ляо улсыг байгуулан, 200 гаруй жил оршин тогтносон байна. Хятан нарын уугуул нутаг тул тэдний үлдээсэн хот суурины туурь, булш бунхны арвин дурсгалууд тоногдоогүй хадгалагдаж үлдсэн нь онцлог болохыг эрдэм шинжилгээний ажилчид хэлж байлаа.

 

Уг үзэсгэлэнд дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”–ны олдворууд алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилын зан үйлийн эд өлөг зэрэг 70 иж 450 гаруй нэн ховор нандин үзмэрийг анх удаа нэг дор цогцоор нь дэлгэн үзүүлж байна.

 

Үзэсгэлэнд дэлгэгдсэн үзмэрүүдийн талаар Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Эгиймаагаас тодрууллаа.

 

-Үзэсгэлэнд дэлгэгдсэн олдвор хэрэглэгдэхүүнээс онцлохгүй юу?

 

-Хоёр улсын найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийг ойг бэлэгшээж 70 үзмэр дэлгэх хүсэлтийг бид тавьсан. Энэхүү хүсэлтийн дагуу Өвөр Монголчууд маань тэгш ойг бэлэгшээн 70 иж бүрэн үзмэрийг үзэсгэлэнд дэлгээд байна. Үүн дотроо 400 гаруй үзмэр бий. Хэдийгээр биетээр авч ирээгүй ч ханын зургийн хуулбарыг хэвлэх, дэлгэцэн дээр үзмэрийн чанар сайтай зургийг үзүүлж буй зэргийг оруулбал үзэсгэлэнд 1000 орчим үзмэр дэлгэсэн.

 

Хятанчууд нүүдэлчин соёлтой ард түмэн байсан. Тэр утгаараа хот суурины соёлыг хөгжүүлсэн ард түмэн байсан. Одоогоор археологийн дурсгалд мэдэгдээд байгаа 500 гаруй хот суурин бүртгэгдээд байна. Харамсалтай нь хот суурины бэхлэлт хэрэм, уран барилгын дурсгалт том суваргуудыг үзэсгэлэнд дэлгэх боломжгүй. Тийм болохоор уран барилга, хот суурины дурсгалаас илэрсэн олдвор, хэрэглэгдэхүүнийг дэлгэцээр үзүүлэхийн зэрэгцээ хоёр томоохон эрдэмтнийг лекц уншиж сонирхуулахыг хүссэн. Үүний дагуу Өвөр Монголын музейн захирал маань хот суурины томоохон дурсгалуудын талаар лекц уншиж танилцуулж байна. Мөн Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэнгийн орлогч захирал маань бунхант булшнуудыг чимэглэсэн ханын гоёмсог зургуудын талаар үзэгч олонд дэлгэрэнгүй лекц уншиж сонирхууллаа.

 

-Ханын зураг олон харагдаж байна. Энэ дундаас онцолвол?

 

-Хятаны томоохон хааны бунхныг чимэглэсэн дөрвөн улирлын ханын зураг байдаг. Үүнийг биетээр авчрах боломжгүй учраас бодит зурагтай нь дүйцүүлэх хэмжээтэйгээр хэвлэн үзэсгэлэнд дэлгээд байна. Үүний зэрэгцээ Хятан хүний төрхийг илтгэх маш олон тооны ханын зургийг хуулбарлан үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байгаа. Энэ бол Хятан хүний дүр төрх, хувцас хэрэглэл, эдлэлийг бэлхнээ харах дүрслэх урлагийн томоохон бүтээлүүдийн үзэсгэлэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Оршуулгын зан үйлтэй холбоотой үзмэрүүд цөөнгүй байна. Ер нь Хятанчууд оршуулгын зан үйлд ихэд хүндэтгэлтэй ханддаг байсан бололтой?

 

-Үзэсгэлэнд дэлгэсэн үзмэрүүдийн дийлэнх хувь нь оршуулгын зан үйлтэй холбоотой байгаа. Хятанчууд оршуулгын маш том соёлтой ард түмэн байсан. Хятанчуудын язгууртны оршуулга бунхант булшинд үйлддэг байж. Харин жирийн иргэдээ хадны хөмөгт, чулуунд дарах зэргээр оршуулдаг байсан нь Өвөр Монголын нутаг болоод манай Монголын нутгаас олдсон цөөнгүй тооны олдворуудаас илэрсэн. Үүний дундаас гурван том язгууртны булшнаас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнээс дээжлэн үзүүлж байна. Тухайлбал Чэнь-Гуо гүнжийн булшнаас илэрсэн гоёмсог олдвор хэрэглэгдэхүүн манай үзэсгэлэнгийн чимэг болж байна. Мөн үзэсгэлэнгийн чухал бэлэгдэл нь Чэнь-Гуо гүнжийн нүүрний шижир алтан баг. Энэхүү баг нь хэдийгээр оршуулгад зориулсан боловч хатны дүр төрх, оршуулгын үед хүндэтгэл илэрхийлсэн зэрэг утга агуулсан нь илэрхий байна. Гүнжийн амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлсийг бунхант булшинд дагалдуулахын зэрэгцээ оршуулгад зориулж гүнжийг хүндэтгэх үүднээс титэм, алтан чимэгтэй мөнгөн дэр, алтаар чимэглэсэн мөнгөн гутал, гоёмсог хээ чимэгтэй мөнгөн бүс зэргийг дагалдуулсан байна. Энэ булш тоногдоогүй гэдгээрээ онцлогтой.

 

-Алт, мөнгөн эдлэлүүд тоногдоогүй олдоно гэдэг археологч, түүхчдийн хувьд гайхалтай хэрэг биз? Яаж олж илрүүлсэн бол?

 

-Археологийн дурсгал тоногдоогүйгээр илрэх бол археологчид бидний хувьд түүхчдийн хувьд завшаантай хэрэг. Учир нь тонуулчид алт, мөнгө, үнэт эдлэлийг аваад бидний хувьд маш их үнэ цэнэтэй модоор, даавуугаар хийсэн эд зүйлсийг онгичоод хаячихдаг. Хүний ясыг тараагаад хаячихсан байдаг. Гэтэл Чэнь-Гуо гүнжийн булш бүтнээр хадгалагдан үлдэнэ гэдэг Хятан хүн ямар нүүрний төрхтэй, биеийн өдөр ямар, ямар эд зүйл хэрэглэж байсан тэр бүгдийг мэдэх боломжтой байснаараа олзуурхууштай. Хятанчуудын оршуулгын соёл маш өндөр түвшинд хөгжсөн байсан нь оршуулгын газрын ойролцоо оршуулгын газрыг сахих жижиг хот суурин байснаас илэрнэ. Тийм болохоор Хятанчуудын булш бунхан тухайн цагтаа болон хожим ч тоногдоогүй байдгаараа маш их онцлогтой юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хятан нар хүнээ модон дээр тавих, эс бөгөөс чандарлах уламжлалт зан үйлтэй байснаа Их Ляо улс байгуулсаны дараа Хятадын оршуулгын зан үйлийн нөлөөг аажмаар авч, булшилж оршуулах болжээ. Язгууртны чандарыг ханын зурагтай чулуун бунхан эс бөгөөс тоосгон бунханд модон суурин дээр модон авсанд хийж оршуулдаг байсныг гэрчлэх модон ширээ, сандлыг үзэсгэлэнд дэлгэсэн нь сонихон байв.

 

Энэ үзэсгэлэнгээр дамжуулан үзэгч олонд Хятаны соёлын арвин тансаг өнгө жавхааг бодитоор сонирхуулахын хамт Монгол ба БНХАУ-ын соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны нөхөрсөг хөршийн харьцааг бататган, соёлын солилцоог эрчимжүүлж, тал нутгийн торгоны замын түүхийг хүүрнэхийг зорьжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үзэсгэлэн есдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй дэлгэгдэх юм байна. Энэхүү үзэсгэлэнгийн давуу тал нь Өвөр Монголын музей, соёлын өвийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрт дэлгэгдээгүй үзмэрүүдийг дэлгэсэн явдал юм.

 

Соёл иргэншлүүд хоорондоо нөлөөлж, харилцан солилцдог учраас улам төгөлдөржин өнгөлөг болж, бие биеэсээ суралцаж улам баяждаг уламжлалтай билээ. Иймд БНХАУ-ын Өвөрмонголын музей, Монголын үндэсний музейтэй хамтран дэлгэсэн “Хятан-И Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр” үзэсгэлэнд тухлан саатаарай.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Manaid uzuuleh ym bhgui bugd deer ued soligdson dandaa hulhi ym bgaa
2019-06-29
Tuuhee sudlaasai uursduu bsan ymaa ugui hiicheed end tendees irsen ymiig shutene gej yu bsan ym ter hunii legts ch ter tarhi ugaaj bgaa ym irsen uzmer n bugd hulhi bgaa jinhen n manai ulsad yu bolloo gej ireh ym zub bodoj zub yriaarai tailbarlagch nar n
2019-06-29