"Торгоны зам" авто ралли Монголын газар нутгаар долдугаар сард дамжин өнгөрнө
2019-06-28

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сард болсон "Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааныг зохион байгуулах ОХУ болон Монголын талын ажлын хэсгийн уулзалтад оролцсон. Энэ үеэр Ерөнхийлөгч авто раллигийн уралдааны аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг сануулж, уг "Торгоны зам” авто ралли уралдаанд зохих хэмжээнд анхаарал хандуулахаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын Ажлын хэсгийн албаны хүмүүст  илэрхийлсэн.

 

"Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тус уралдааны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж, орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалж, ажиллахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт даалгажээ.

 

"Торгоны зам” авто ралли уралдааныг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж эхэлсэн юм. Тус уралдааныг ОХУ-Казахстан-БНХАУ гэсэн чиглэлээр зохион байгуулж байсан бол 2018 онд ОХУ болон БНХАУ гэсэн чигэлэлээр зохион явуулжээ. 2019 оны тухайд Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохион байгуулахаар болсон байна.

 

Энэ удаагийн авто раллигийн тусгай үе шатуудын нийт зай нь 2593,15 км байх бөгөөд Монголын нутгаар Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Өмнөговь гэсэн маршрутаар 3 өдөр уралдах аж. Энэ үеэр Монгол орны байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөл, зэрлэг ан амьтан, хүн амын нягтаршил бага, нүүдлийн ахуй соёлыг дуранд буулган дэлхий нийтэд цацагдах учраас эх орноо сурталчилан таниулах боломж гэж зохион байгуулагчид үзэж байна.

 

Энэ удаад автомашинаас гадна мотоциклийн төрөл нэмэгдсэнээрээ онцлогтой гэнэ. Авто ралли ОХУ-ын Эрхүү хотоос эхэлж Хятадын Дунхан хотод өндөрлөх юм байна.  Авто раллид Монгол Улсаа төлөөлөн авто машины төрөлд:

 

  • ОУХМ  Ш.Гансул
  • СДМ    Э.Оргил
  • ОУХМ  Ө.Бямбацогт
  • ОУХМ   Ө.Бямбадэлгэр
  • СДМ     Б. Эрдэнэсүрэн

 

Мотоциклийн төрөлд:

  • ОУХМ  Д.Болдбаатар
  • ОУХМ   Б.Батундрах
  • ОУХМ   Э.Амгалан  зэрэг спортын тамирчид оролцож байгаа юм байна.

 

Энэ жилийн тухайд  "Торгоны зам" олон улсын авто раллиг 2019 оны 7 дугаар сарын 6-16-ны өдрүүдэд  явагдаж, Орос, Монгол, Хятад 3 улсын 5007,96 км замыг туулж уур амьсгалын таван бүсийг гатлах ажээ.

И.Сарангоо

 

Shuud.mn
Сонин хачин