Грекийн шинэ Ерөнхий сайд улсаа хямралаас гаргана гэв 
2019-07-08

Өнгөрсөн амралтын өдөр болсон Грекийн парламентын сонгуулиар “Шинэ ардчилал” нам 40 хувийн саналтайгаар ялалт байгуулсан юм. 

Намын тэргүүн, Грекийн шинэ Ерөнхий сайд Кириакос Мицотакис өнөөдар тангаргаа өргөх бөгөөд ард түмэндээ хандан анхны мэдэгдлээ хийж, Грекийг хямралаас гаргана гэж амлалаа. 


“Өнөөдөр Грекийн ард түмэн нэгдмэл байж, урагшаа алхахыг хүсч байгаагаа илэрхийллээ. Нэн тэргүүнд эдийн засгийн өсөлт, ажлын шинэ байр, аюулгүй байдал юм. Бид үүнийг хийнэ. Итгэл хүлээлгэсэн иргэддээ талархая, бүх ард түмний ерөнхий сайд байх болно” хэмээн Кириакос Мицотакис мэдэгдлээ. 


Мицотакис нь 1990-1993 оны хооронд Засгийн газрыг тэргүүлж байсан Ерөнхий сайд асны хүү юм. Эцэг нь хүүдээ сайн боловсрол эзэмшүүлсэн бөгөөд Кириакос Мицотакис Афины коллеж, Америкийн нэр хүнд бүхий Харвард болон Стэнфордын их сургууль төгссөн байна. 


Олон улсын харилцааны мэргэжилтэй тэрбээр JPMorgan Chase банкнаас ажлын гараагаа эхэлж, томоохон компаниудад ажиллаж байгаад 2004 онд Грекийн парламентад сонгогджээ. 


2013-2015 онд Захиргааны шинэчлэлийн сайдын алба хашиж байгаад 2016 онд сөрөг хүчний  “Шинэ ардчилал” намыг тэргүүлэх болсон байна.  Энэ намыг түүний аав 1984-1993 оны хооронд удирддаг байжээ. 


Дашрамд дуулгахад, Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас ялагдлаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн байна. Сонгуулийн дүнгээр түүний удирддаг, эрх баригч “Сириза” нам 10 хувийн санал авснаар Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах боломжгүй болсон бөгөөд сөрөг хүчний “Шинэ ардчилал” нам сайд нарын танхимаа дангаар  бүрдүүлэх юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин