Ц.Монгол: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа арга хэлбэр нь буруу байна
2019-07-25

Үндсэн хууль судлаач, хуульч,өмгөөлөгч Ц.Монголтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 

-УИХ-аар хэлэлцэж буй  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг  та юу гэж үзэж байна?

 

-Ер нь бол МАНАН-гийн эрх ашгийг хамгаалсан М.Энхболд, Д.Лүндээжанцан нарын хэсэг бүлэг этгээдийн Үндсэн хууль зөрчиж санаачилсан “хуулийн төсөл” гэж  үзэж байна. Би энэ байр сууриа саяхан сонинд ярилцлага өгөхдөө ч товч бөгөөд тодорхой илэрхийлсэн байгаа. Энэ бол дэвшил биш ухралт. МАНАН  бол дүр үзүүлсэн, хоосон ардчиллын үр хөврөл тул тэр  гаж тогтолцоогоо л хамгаална. Тэдэнд “хариуцлага”-ын буюу хоёр танхим бүхий хяналтын тогтолцоотой Төрийн байгууламжийг бий болгож Монголоо аврах, ард олноо сайхан амьдруулах хүсэл зориг байхгүй, харин энэхүү гаж тогтолцоог авч үлдэх, ашиг сонирхлын зөрчилтэй. Тиймээс Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлт нь ард түмний хүсэл зоригт нийцээгүй, тэдний хүсэл зориг, саналд тулгуурлагдаагүй юм. Яагаад ингэж үзэж байна  гэвэл, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооныхон  маш тодорхой үндэслэлүүд гаргаж тавьсан. Би тэдэнтэй 100 хувь санал нэг байдаг. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай маш тодорхой ярьсан, би  санал нийлж байгаа.Үндсэн хуулийг одоогийн байгаа хариуцлагагүй, анархист, төрийн дээд албан тушаалтнууд нь эрх мэдлээ улс, эх орон, ард түмэндээ бус, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ашигладаг одоогийн гаж тогтолцоондоо нийцүүлж, энэхүү тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдсэн маш хариуцлагагүй заалтууд оруулсан. Өөрөөр хэлбэл, тогтолцоог хэвээр авч үлдэх гэсэн  МАНАН-гийн маш ноцтой алхам. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр төрийн бүх эрх мэдэл урьдын адил хариуцлагын тогтолцоогүй нэг танхим бүхий УИХ болон нэг намын даргын гарт төвлөрөхөөр байна. Үүнийг монголчууд хүсээ гэж үү?

 

-Үндсэн хуулийг өөрчлөх тухайд?

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэгт бол санал нийлдэг. Гэхдээ ард түмний хүсэн хүлээж байгаа, Монгол Улсын үндэсний язгуур эрх ашигт нийцсэн өөрчлөлтийг оруулж болохоос  биш одоогийн зохиомлоор би болгосон, “бүх ард түмнээр хэлэлцүүлсэн” нэрээр ард түмнийг хууран мэхлэх замаар, Үндсэн хуулийг өөрийг нь зөрчих байдлаар хэсэг бүлэг этгээд санаачилж, үүнийгээ Зөвлөлдөх санал асуулгын гэх Үндсэн хууль зөрчсөн хууль батлан, улмаар шинжээч гэх урьдчилан бэлтгэгдсэн хэдхэн гар хөл болсон хуульчдаараа цөөн хэдэн хүний тархийг угаах замаар дэмжүүлсэн ийм хуулийн төсөл батлагдах ёсгүй.

 

1992 онд баталсан  Үндсэн хуулийн тухайд  гэвэл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын хуйвалдаанаар 2000 онд дордохын долоон өөрчлөлт оруулснаар Үндсэн хуулийн эргэлт /Үндсэн хуулийн эргэлт гэдэг бол “Төрийн эргэлт” гэсэн үг/ хийгдсэн. Үндсэн хуулийн эргэлт гэдэг нь бодитой, хариуцлагын тогтолцоо бүхий ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийн заалтуудын оронд хариуцлагагүй, хэлбэрийн  төдий гаж тогтолцоог бүрдүүлэх өөрчлөлтүүд хийсэн, намын бүлгийг УИХ-ын байнгын хорооны дээр тавьсан. Ингэснээр төрийн дархлаа алдагдаж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, хууль батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа саармагжиж, улмаар Монгол Улсын төрийн байгууламжийн үндэс суурь ганхаж, аажмаар задрах үйл явц эхэлсэн. Баялгийн хуваарилалтын шударга зарчим алдагдаж, баялгийг хэсэг бүлэг этгээд хувааж авах, гадаад, дотоодын мөлжигчдөд  цөлмүүлэх гаж тогтолцоог бэхжүүлсэн. 2000 оноос хойш Монгол улс үндсэндээ төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалгүй болсон. Яагаад гэвэл, “Давхар дээл” гэж нэрлэдэг “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байна” гэсэн  заалт оруулж, ирцийг 39 хүнээр тооцож, тэдний олонх буюу 19 хүн хууль баталдаг гаж тогтолцоо руу оруулсан.Үүний  хар мөр нь муу хуулиуд олноор батлагдан гарч Монголын эдийн засаг доройтох, үндэсний аюулгүй байдалд аюул учрах нөхцлийг бүрдүүлсэн. Ийм болгосныхоо  эцэст одоо хамаг муу муухай зүйл нь Үндсэн хуульд байсан гэх юм уу, энэ хуулиас л боллоо гээд бас л хэсэг бүлэг хүн өөрсдийн санаархлыг шургуулах гэж байна.

 

– МАНАН-гийн эрх ашгийг хамгаалсан  хуулийн  төсөл гэж үзэж байгаагаа  дэлгэрүүлж тайлбарлана уу?

 

-Анхнаасаа  Зөвлөлдөх ардчиллын тухай хууль гээчийг Үндсэн хууль зөрчиж баталсан. Энэ талаар Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабал гуай бид хоёр   Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгөхөд хүлээж аваагүй. Өнгөрсөн хавар Үндсэн хууль тогтоогчдын холбооноос  энэ асуудлаар мөн  өргөдөл гаргасан  юм байна лээ. Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, нөлөө ямар байгааг хараад хэсэг үүсгэх үү, болих уу уу гэдгээ шийддэг болчихсон. Хуучин буюу төрийн одоогийн тогтолцоо МАНАН- г бий болгосон, тэгвэл МАНАН одоо өөрснийг нь бий болгосон тогтолцоог бэхжүүлэх гэж байна шүү дээ. Яагаад гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт орсноор энэ тогтолцоо өөрчлөгдөхгүй Харин хоёр танхим бүхий тогтолцоог сонговол өөр хэрэг. Иймээс иргэд, олон нийт, улс төрийн бусад намууд бүгд Үндсэн хуульд оруулах гэж байгаа хэлбэрийн төдий нэмэлт, өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх заалтыг Үндсэн хуульд оруулахаар тэмцэх шаардлагатай болов уу гэж бодож байна. Энд өөр ч бас асуудал бий.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль бол эцэг хуулийн дараа ордог том хууль. Тэр хуулийн гол заалтуудыг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар хүчингүй болгосныг олон нийт мэдэж байгаа байх. Ард нийтийн  санал асуулгын хууль байхад  тэрийгээ огт хэрэгжүүлэхгүйгээр өөр хууль баталж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Ард нийтийн  санал асуулгын хууль байсаар байхад  Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль байх боломжгүй. Нэгэнт байгаа хуулиа хэрэглэхгүйгээр Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гаргасан нь асуудалтай. Жишээ нь, түүврийн аргаар сонгосон гэх 2000 хүрэхгүй хүнээс санал авч, тэр хүмүүсийгээ ард түмний төлөөлөл болно гэж байна. Үндсэндээ бол тэр хүмүүстээ өөрсдөө нөлөөлж асуудлыг шийдсэн шүү дээ. Телевиз харж байхад н.Мэндсайхан гэдэг хуульч мэргэжлийн шинжээчээр орсон байсан. Тэрээр Үндсэн хууль захиалагчдын даалгавраар орсон хуульч гэхээр үйлдэл гаргасан. Тухайлбал: Хоёр танхимтай парламентай байх саналыг төсөлд тусгах эсэх талаар  санал асуулга явуулахын өмнө мэргэжлийн шинжээч гэх хүнийхээ саналыг сонсч байгаа юм. Тэр хүн нь “Ерөөсөө дэлхий нийтэд хоёр танхимтай парламентын тогтолцоо явуургүй. Монголд ийм хувилбар таарахгүй, тохирохгүй” гэсэн утгатай зүйл хэлсэн. Ийм зүйл хэлнэ гэдэг нь, тухайн шинжээч хүмүүсийн тархийг угааж байгаа хэрэг. Ингээд санал хураахад “Өө, энэ чинь Монголд таарахгүй гэж байна” гэдэг ойлголт авсан “түүвэрлүүлэгчид” хоёр танхимтай парламентын талаархи саналыг дэмжихгүй унагасан. Энэ бол Үндсэн хуульд оруулах гэсэн өөрсдийн боловсруулсан төслийг зөвлөлдөх санал асуулгадаа түүвэрлэж авсан хүмүүстээ тулган хүлээлгэж, тархийг нь угаах замаар зөвшөөрүүлж, дэмжүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Энэ бол Монголын ард түмний санал гэж үү? Ард олон нийт харин эсрэгээрээ, хариуцлагын тогтолцоог хүсэж байгаа. Энэ бүхнээс үүдэж би Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийг  МАНАН-гийн зохиосон төсөл гэж үзэж байгаа юм.

 

-Тогтолцооны тухайд та юу хэлэх вэ?

 

-Хоёр танхимтай парламентын тогтолцоотой байх заалтыг Үндсэн хуульд оруулахгүй бол 30 жилийн дампуурал үргэлжилнэ. Улс орныг сүйрлийн ангал руу хөтөлнө. Үндсэн хуулийн цэцийг  мэргэжлийн шүүх болгох ёстой. Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарлах эрх олгох шаардлагатай. Герман болон бусад улс орны Үндсэн хуулийг судлахад Монголын Үндсэн хуультай ХБНГУ-ын Үндсэн хууль үзэл баримтлалын хувьд ойролцоо байдаг. Европын олон улс орон, түүний дотор Герман улс 1933 он хүртэл манайх шиг тогтолцоотой байсны улмаас ардчилсан Үндсэн хууль нь уналтанд орж, улс орон нь дампуурч, эдийн засгийг нь өөр үндэстнүүд хяналтандаа авсан зэрэг сөрөг үр дагаврын  улмаас дарангуйллын тогтолцоо руу шилжсэн. Бүр фашист дэглэм тогтож дэлхийн  2-р дайн дэгдсэн.Тэгвэл  60 сая гаруй хүний амийг авч одсон дайн дараа 1947- онд Герман улс одоогийн Үндсэн хуулиа баталсан. Ингэхдээ  эрдэмтэн мэргэд, хуульчид гэхчлэн  бүх салбарын төлөөлө, ард олон нийтээс санал авч ард түмэн улс эх орныхоо язгуур  эрх ашигт нийцсэн Үндсэн хуулиа баталсан. Тиймээс тэд дайнд ялсан улсаас ч илүү үсрэнгүй хөгжилд хүрсэн. Зөв тогтолцоотой бол ямар ч улс орон хөгжинө. БНСУ гэхэд ямар байснаа ямар болов. 30 жилийн дотор үсрэнгүй хөгжлөө. Монгол Улс өнгөрсөн 30 жилд хөгжих боломж байсан уу гэвэл байсан. Норвеги, Швейцарийн төвшинд хүрэхгүй ч гэлээ бие даасан хүчирхэг эдийн засагтай, байгалын баялгаа зөв хуваарилах системтэй, ядуусгүй орон болж болох л байсан. Гэвч манай  улс ийм замаар яваагүй. Иймээс бид Үндсэн хуульд тайван замаар маш зөв хариуцлагын тогтолцоог бий болгосон өөрчлөлтийг оруулах ёстой. Герман улс хөгжсөн нууц бол Үндсэн хуульд нь “Ард түмний төр засгаа байгуулах, өөрчлөх, Төрийн тогтолцоог өөрчлөх эрхийг маш тодорхой тусгаж өгсөн, ард түмэн таалагдаагүй, болж бүтэхгүй гэж үзсэн тогтолцоог түлхэн унагааж өөрчлөх онцгой эрхийг тунхагласан байдгаараа онцлогтой. Үндсэн хуулийн Шүүх нь Үндсэн хуулийг тайлбарлах, хөгжүүлэх эрх мэдэлтэй, Үндсэн хууль дахь нутгийн өөрийн  удирдлагын тухай заалтад орон нутаг өөрөө өөрийнхөө асуудлыг шийднэ гэж оруулсан. Нутаг дэвсгэр, боловсон хүчин, шилжин ирэгсдийг хүлээж авах эсэх асуудал,хог хаягдал гээд үндсэн гол цөл болох асуудлуудаа өөрөө шийдэхээр тусгасан. Өөрөө төсөвтэй, өөрийн гэсэн орон нутгийн татвартай.Үүнд: нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад, буу,гэх мэт зөвхөн орон нутагтаа хамааралтай татварууд орно. Манайхан энэ татварыг ойлгохгүй байгаагаас “360 улс болно” гээд буруу “цэцэрхээд” байгаа нь харамсалтай л юм. Орон нутаг нь бие дааж хөгжсөн нөхцөлд тэр нь аль ч улс орны тусгаар тогтнолын баталгаа, илэрхийлэл нь ч болдог. Нөгөө талаас, Үндсэн хуульдаа хоёр танхимтай гэж үзэхээр хяналтын өвөрмөц тогтолцоог хуульчилсан. Бундестад гэдэг нь Их хурал, Бундесрат гэдэг нь Холбооны Зөвлөл. Манай улс хэдийгээр нэгдмэл улс боловч УИХ, Бага хурал гэсэн хоёр танхимтай байх нь зөв.

 

-Гэтэл манайх?

 

-Манай улс  УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Цэц, Дээд Шүүх гэсэн таван толгойтой байгаа.  Засаглалын гурван хэлбэр нь “тав” болчихсон. Хэвлэл мэдээлэл өөрсдийгөө дөрөв дэх засаглал гэдэг, онолын хувьд тэгж ярих нь зөв ч,  ачир дээрээ манайхаар бол “зургаа дахь засаглал” болчихоод байна шүү дээ. Тэгэхээр энэ гажуудлыг арилгах ёстой. Үүний тулд бүх ард түмний санал асуулга явуулж, эрдэмтэн мэргэд, хуульчдын ажлын хэсэг гаргаж, доороосоо төслөө боловсруулж, түүндээ бүх засаг захиргааны нэгж, төрийн аливаа байгууллагын санал авч нэгтгэн Үндсэн хуулийн цэцээр хэлэлцүүлсний эцэст Цэц Улсын Их Хуралд өргөн барих Үндсэн хуулийн заалтай байгаа болохоос УИХ өөрсдөө санаачилж зохиогоод өөрөө өөртөө өргөн бариад хэлэлцээд баталчихдаг юм биш л дээ. Дээр нь хуулийн нэг үг, цэг, таслал хүртэл утга агуулгатай байдаг. Хаант оросын үед ХаанАмаар зарлиг буулгадаг байсан. Тэгээд Хаан “Казнить нельзя, помиловать”, эсхүл “Казнить, нельзя помиловать” гэж хэлэхдээ таслал байгаа хэсгээр нь пауз буюу зай авдаг. Хэрвээ энэ зарлигийг хэрэгжүүлэгч этгээд тэр таслалыг анхаарч сонсохгүй бол “цагаатга” гэсэн хүнийг “цаазалж”, цаазла” гэсэн хүнийг “цагаатгах”  алдаа гаргахаар байдаг. Тодруулбал: “Цаазалж болохгүй, цагаатга”, “Цаазла, цагаатгаж болохгүй”. Тэгвэл Үндсэн хуулийн төсөлд энгийн өгүүлбэрээр бичсэн, хуулийн заалт гэхэд ойлгомжгүй олон зүйл заалтууд байгааг өөрчлөхгүй бол Үндсэн хууль маань утга агуулгаа алдахаар байна.Үндсэн хуулийг Ард түмэн зохиодог болохоос хэсэг бүлэг этгээд хийдэггүй юм.

 

Эх сурвалж: www.polit.mn

Ч.ЗОТОЛ

Shuud.mn
Сонин хачин
Монгол гуай зөв л зүйл ярьж, 2 танхим бол ус агаар шиг манай улсад хэрэгтэй болж байна. 76 хулгайч биш бултаараа болон мэргэдээрээ ээлжилэн хэлэлцдэг, харилцан болон бусад төр самрагчидыг хянадаг тэмцдэг их бага хурал л маш чухал байна даа.
2019-07-26
Zochin:
Энэ монгол нэртэй өмгөалөгч мөн ч муухан мэдлэгтэй л дээ. Хүн өөрийгөө голохгүй юм даа. Болимоор юм
2019-07-25
Буруу замаар Будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гээч л болох вий
2019-07-25
Санал нэг байна:
ҮХ-иа бараг шинэчилж баталсан дээр. Яарвал даарна. Ингэж халтуурдаж ҮХ-иаа өөрчилөх гэж юу байсан юм бэ??
2019-07-25