АТГ: Иргэдээс ирүүлсэн 61 гомдлыг хянан шийдвэрлэлээ
2019-07-29

Авлигатай тэмцэх газраас 2019 оны 7 дугаар сард хийсэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ЭМЯ-д зөвлөмж хүргүүлэв          

 

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагчид болон орон тооны бус шинжээч нар 2019 онд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс “тусгай зөвшөөрөл”-ийн хүсэлт, төслийг хүлээн авч, шийдвэрлэхдээ удаа дараагийн үйлдлээр зохиомол хүнд суртал гаргаж хясан боогдуулах замаар хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж, хахууль авсан, 2018 оны 09 сард өөрсдийн хамаарал бүхий иргэний нэр дээр компани үүсгэн байгуулж, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх  тусгай зөвшөөрлийг хууль бусаар гаргуулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох, дахин гарахаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллалаа.

 

Ажиллах явцад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв эрх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулсан хуулийг дагаж мөрддөггүй, бодлогын баримт бичиг, журмыг хэсэг бүлэг хүмүүст тохируулан гаргадаг, удирдлагын зүгээс эрх олгох, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой салбарын өдөр тутамд гардаг хүндрэл бэрхшээлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл үүсгэгч шалтгаан нөхцөлүүдийг судлан тогтоох хүсэл эрмэлзэл, санаачилага байхгүй, хяналт тавьдаггүй, тусгай зөвшөөрөл хариуцсан ажлын байранд туршлагагүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг томилсон, ажлын байрны тодорхойлолтыг албан хаагчид тохируулан боловсруулдаг, зөвшөөрөл олгох үйл явц, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл эзэмшигч нарын мэдээлэл ил тод биш зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдсон юм.  Дээрх зөрчлийг арилгах чиглэлээр 11 асуудал бүхий зөвлөмж боловсруулан Эрүүл мэндийн яаманд хүргүүллээ.

 

1800-1969 дугаарын утсаар авлигын талаарх 12 гомдол мэдээлэл хүлээн авав

 

Авлигатай тэмцэх газар иргэд, олон нийтээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээний талаарх гомдол мэдээллийг 1800-1969 дугаарын утсаар хүлээн авдаг. Энэ сард авлигын талаарх 12 гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох хэлтэс албанд шилжүүлсэн байна.

 

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Авлигын эсрэг газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлал хийв

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын урилгаар Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийв. Айлчлалаар урьдчилан сэргийлэх, хянан шалгах чиглэлээр олсон ололт амжилт, хүрсэн үр дүн болон мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлын туршлагаа харилцан хуваалцах, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хүрээнд эрүүгийн хэрэгт харилцан ашигтай мэдээлэл солилцохоор хоёр тал тохиролцов. Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзсан юм. Мөн Улсын Ерөнхий прокурорын газарт зочилж, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай ажлын уулзалт хийлээ.

 

40 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгав

 

Тайлант хугацаанд 40 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт, шалгалт явуулж шийдвэрлэлээ.

 

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар 12 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.

 

Авлигатай тэмцэх газраас дээрх албан тушаалтнуудын гаргасан зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.

 

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 600 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянав

 

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 758 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авсан. Үүнээс 600 (өмнөх сарын үлдэгдэл орсон)  нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүллээ.

 

Шинээр хүлээн авсан

Өнгөрсөн 1 сард хянан шийдвэрлэсэн- 600

Ажиллагааны үлдэгдэл

Илт зөрчилтэй

Зөрчилгүй

Буцаасан

Анхааруулсан

158

758

1

554

9

36

 

Урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний албаны ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэнЦ. Батсүрэнг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж үзсэн байна. Одоогоор 158 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

 

Иргэдээс ирүүлсэн 61 гомдлыг хянан шийдвэрлэлээ

 

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 49 гомдол, мэдээллийг хүлээн авч, 61  өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) хянан шалгаж, шийдвэрлэлээ.

 

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Үүнд: 

 

  • Завхан аймгийн ЗДТГ-ын харъяа Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэнд албан тушаал бууруулах,
  • Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн М.Дарханпүрэвт цалингийн хэмжээг 3 сар 30 хувиар бууруулах,
  • Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.Мөнхбатад цалингийн хэмжээг 1 сар 30 хувиар бууруулах,
  • Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Баярмагнайд цалингийн хэмжээг 1 сар 30 хувиар бууруулах зэрэг хуульд заасан хариуцлага тооцуулсан байна.

 

Гомдол, мэдээлэлд нэр дурдагдсан байгууллага, албан тушаалтанд хяналт шалгалтаар зөрчил тогтоогдоогүй ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хүнд суртал, ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар анхааруулж, албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.                                                                      

    

                                                                      Хэрэг бүртгэлтийн 346 хэргийг шалгаж байна

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 7 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 41 гомдол мэдээлэл хянан үзсэнээс 6 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 16 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 61.0 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 41 гомдлын 27 нь Улаанбаатар, 14 нь орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

 

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 7 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 440 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 30 хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 395 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 346 нь хэрэг бүртгэлтийн, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 10.0 хувийг шийдвэрлэжээ.

 

                                 Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлнэ

 

Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний сайд асан С-ийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн билээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр уг хэргийг хянан хэлэлцээд С-ыг авлигын гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 4 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дээрх хэрэг нь Монгол улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг мөрдөн шалгах явцад илэрч шалгагдсан бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт хамаарах төрийн эрх ашигт хохирол учруулсан гэх хэргүүд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх дээр хянагдаж байна.

 

Авлигатай тэмцэх газраас цаашид авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг улсын орлого болгож, улсын төсөвт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

 

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Төрийн албаныхны тендер яаж будилуулдгыг бүрэн утгаар нь Геологийн лаборатори хэрэгжүүлж байна шүү. Та нөхөд минь үүний хаагуур явж бна даа
2019-07-29