Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно
2019-07-30

Цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. Ирэх наймдугаар сарын 22 хүртэл явагдах цахим бүртгэлийн талаар нийслэлийн Боловсролын газрын сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяагаас тодрууллаа.

 

 

-Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хэдэн хүүхэд бүртгэх төлөвтэй байгаа вэ?

 

-Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэд байгуллагуудад шуурхай ил тод үйлчлэхийн тулд цахим бүртгэлийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхэлсэн. Одоогоор гурав дахь жилдээ явагдаж байна.

2018-2019 оны хичээлийн жилд нийслэлд 672 цэцэрлэг, үүнээс төрийн өмчийн 231 цэцэрлэгт 117 000 хүүхэд хамрагдсан. Харин энэ жилийн хувьд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 гаруй мянган хүүхэд хамрагдах төлөвтэй байна.

 

-Одоогийн байдлаар цахим бүртгэлд хичнээн хүүхэд бүртгүүлээд байгаа вэ?

 

-Цахим бүртгэлээр төрийн өмчийн цэцэрлэгт нийт 19 000 хүүхэд шинээр элсүүлэх боломжтой. Тэдний 12 000 нь хоёр настнууд байгаа. Цахим бүртгэл энэ сарын 22-нд эхэлсэн. Өчигдөр буюу 07 дугаар сарын 29-ны 15:00 цагаар байдлаар 2 настай 14 154, 3 настай 3 188, 4 настай 2 082, 5 настай 1 716, нийт 21 140 хүүхэд цахим бүртгэлд бүртгүүлээд байна.

 

-Өнгөрсөн жилүүдэд цэцэрлэгт явж байсан хүүхдүүд цахим бүртгэлээр дахин  бүртгүүлэх шаардлагатай юу?

 

-Өмнө хамрагдаж байсан 3-5 насны хүүхдүүд цахим бүртгэлд хамрагдах шаардлагагүй. Харин наймдугаар сарын 26-29-ны хооронд эцэг эхчүүд цэцэрлэгт өөрийн биеэр очиж, гурвалсан гэрээг хийж бүртгүүлнэ.   

 

-Цахим бүртгэлд бүртгүүлсэн бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй. Тэгэхээр цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг хэрхэн яаж сонгох вэ?

 

-Цахимаар, санамсаргүй түүврийн аргаар сонгоно. Ирэх 08 дугаар сарын 23-ны  баасан гаригийн өглөөний 10.00 цагт цэцэрлэгүүд дээр явагдана. Жишээлбэл, тухайн цэцэрлэг 20 хүүхэд авах ёстой. Гэтэл цахим бүртгэлд 30 хүүхэд бүртгүүлсэн байвал тухайн 20 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгох юм. Энэ үйл ажиллагааг цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар элсэлтийн комисс зохион байгуулна. Комисст хорооны нийгмийн ажилтан, цэцэрлэгийн ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл оролцдог. Түүврийн аргаар сонгогдсон хүүхдүүдийн нэрийг нээлттэй, ил тод зарлана.

 

-Цахим бүртгэлийн систем гацах, ажиллахгүй байгаа гомдол нэлээд байсан?

 

-Энэ ямар нэгэн сүлжээний асуудал бол биш. Өөр олон шалтгаантай. Тухайлбал:

 

-Цэцэрлэгт бүртгэлтэй өмнө явж байсан  

-Цэцэрлэгт хамрагдах гэж буй хүүхдийн ээж нь хөдөө орон нутгийн харьяалалтай

-Түр оршин суугчид (тухайн хаяг дээрээ 180 хоног байх эрхтэй хүмүүс)   

-2018 онд төрсөн хүүхдэд

-Мөн тухайн цэцэрлэгийн хүүхдийн орон тоо дүүрсэн зэрэг тохиолдолд цахим систем бүртгэхгүй, алдаа заана. Үүнийг бүртгэхгүй байна хэмээн гомдоллох тохиолдол гарч байгаа.

 

Т.Номин-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин