Ч.Чимэдбат: Ногоон дугаартай автомашин нэгдүгээр эгнээгээр зорчихгүй
2019-08-01

 

Цахилгаанаар 100 хувь ажилладаг эко автомашинд ногоон дэвсгэр бүхий улсын дугаартай болгох ажлыг эхлүүлсэн. Улсын хэмжээнд 223 бүрэн цахилгаан автомашин бий. Үүний 209 нь Улаанбаатар хотод, 14 нь орон нутагт бүртгэлтэй байна.

 

Иргэд олон нийтийн дунд ногооон дугаартай тээврийн хэрэгслүүдийг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчино гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл  энэ нь ташаа мэдээлэл бөгөөд ногоон дугаартай автомашинд зөвхөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин нэгдүгээр эгнээгээр зорчих эрхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албаны мэдээллээ.

 

Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчуулах бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж, татварын хөнгөлөлт эдлүүлэх юм. Харин ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-ээр явах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа үйлдэл гэдгийг ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат хэллээ.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт

 

“Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3. дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.”, мөн хуулийн 13.2.1.-т замын хөдөлгөөнд оролцогч бүр “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй талаар зааж өгсөн байдаг.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.-т

 

“Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.” гэж эрх зүйн хувьд тодорхойлсон байдаг.

 

Өмнө нь нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн тээврийн автобусыг түргэн шуурхай нэвтрүүлэх зорилгоор Энхтайваны өргөн чөлөөнд баруун гар талын захын эгнээгээр бусад төрлийн тээврийн хэрэгслийг зорчихыг хязгаарлах шийдвэр гарган зохицуулж байсныг 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Замын хөдөлгөөний дүрэмд оруулж дараах байдлаар тусгасан.

 

Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан 5.14 тэмдэг болон 1.22 тэмдэглэл байрлуулсан эгнээг “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” гэнэ.

 

Мөн тус дүрмийн 11.10.-т зааснаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглосон.

 

Харин тухайн эгнээгээр шуурхай албаны тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон автомашин, суудлын такси, «Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл», «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслүүд байрлан явахыг зөвшөөрсөн байдаг.

 

Харин эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд олгож байгаа ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-ээр явах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа үйлдэл болох юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Замын цагдаа нар гэж элийрэгч балайрагч нар байх юмаа. Яахаараа хотын төвөөр явах машиныг ялгаварлан гадуурхаж байгаа юм бэ? Зүүн тийш эргэх гүй ч билүү нэг балайрсан, одоо энэ . . . .
2019-08-01
Яахаараа иргэдийг эдэлж хэрэглэж байгаагаар нь ангилж тэгш бус хандаж байгаа юм бэ, нэг талдаа төр эко машиныг дэмжиж байгаа мэт боловч, иргэдээ үндсэн хуулийн заалтыг зөрчин ялгаварлаж байгаа нь буруу юм. Цахилгаан машин түлш хэрэглэдэг машинаасаа илүү хортой байж мэднэ шүү. Манай орны нөхцөлд тохирохгүй нэвтрэх чадвар муутай хөгийн л эд шүү дээ.
2019-08-01