Ослын буулт хийсэн онгоцыг хэсэгчлэн зөөнө 
2019-08-22


Энэ сарын 15-ны өдөр Москва орчимд ослын буулт хийсэн А321 онгоцыг эрдэнэшишийн талбайгаас зөөх бэлтгэл ажил явагдаж байгаа талаар TV Zvezda мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр 234 хүн явсан энэ онгоцны салоныг задлан, хаалгануудыг салган, тээвэрлэхэд бэлэн болгосон бөгөөд одоо их биеийг нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэж байгаа гэнэ. 


Онгоцны орчмын нутаг дэвсгэрийг бүрэн хамгаалалтад авсан, онгоцны түлшний саванд хэдэн тонн түлш одоо хүртэл байгаа тул аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тусгай албаныхан 24 цагаар жижүүрлэн хамгаалж байгаа аж. 


Онгоцны хаалга, бүх суудлыг салгах зэргээр салоныг бүхэлд нь сулласан байна. Мөн ослын буулт хийх үеэр онгоцны хөдөлгүүр салсан бөгөөд энэ хөдөлгүүрийг ч салган тээвэрлэхэд бэлтгэжээ. 


Онгоцыг М.М.Громовын нэрэмжит нислэг судалгааны хүрээлэн рүү хүргэх юм байна. Хэдийгээр онгоцны их бие гэмтэлгүй мэт харагдавч цаашид нисэх боломжгүй гэж мэргэжилтнүүд үзсэн бөгөөд засвар хийвэл хэт өндөр зардал гарна гэж дүгнэжээ. 


Эргэн сануулахад, наймдугаар сарын 15-ны өдөр А321 онгоц Жуковский нисэх буудлаас Симферополь хотыг чиглэн нисч явах үед хөдөлгүүрт нь шувуу орсны улмаас цааш нислэгээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Улмаар хөлгийн багийн ахлагч Дамир Юсупов онгоцыг яаралтай буулгах шийдвэр гарган Москва орчимд эрдэнэшишийн талбай дээр ослын буулт хийсэн юм. 


Онгоцны зорчигчид болон хөлгийн багийн гишүүд эсэн мэнд газардсан бөгөөд олон хүний амь нас аварсан багийн дарга Дамир Юсуповыг Оросын баатар цолоор, бусад гишүүд ч мөн төрийн шагнал хүртсэн байна. 

 

Онгоц шувуутай мөргөлдөх тохиолдлууд болон түүний шалтгаан 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин