Александровын чуулга Аугаа их эх орны дайны үеэр 1500 гаруй тоглолт хийжээ  
2019-08-27

Одоогоос 80 жилийн тэртээ Зөвлөлт-Монголын цэргүүд Халхын голын хөвөөнд Японы эзлэн түрэмгийлэгчдийг бут ниргэж, Монголын газар нутаг тусгаар тогтнолыг хамгаалсан түүхэн үйл явдлын тэгш ойг энэ жил Орос, Монгол улс хамтран өргөн цар хүрээтэй тэмдэглэж байна. 


Түүхэн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” баг агаарын үзүүлбэр үзүүлж, алдарт А.В.Александровын нэрэмжит Дуу бүжгийн чуулга, Моисеевийн нэрэмжит ансамблийн тоглолтуудыг монголчуудын хүртээл болгох юм. Үүнтэй холбоотойгоор Александровын чуулгын талаарх мэдээллийг хүргэж байна. 


Чуулгын түүх 


Улаан армийн төв ордны дэргэдэх Улаан армийн дуун чуулгыг анх соёлын ажилтан Ф.Данилович, найруулагч П.Ильин, хөгжмийн удирдаач А.Александров гэсэн гурван хүн үүсгэн байгуулж байжээ. Александров дуунуудыг сонгон, хөгжмийн найруулга хийх, дуучидтай ажиллах ажлыг хариуцдаг байсан гэнэ. Энэ чуулгын анхны тоглолт 1928 оны 10 дугаар сарын 12-нд болжээ. Тоглолт ихээхэн амжилттай болсон тул чуулга байгуулах шийдвэрийг эцэслэн баталсан бөгөөд Улаан армийн Төв ордны дэргэдэх чуулгын анхны орон тоонд найман дуучин, хоёр бүжигчин, нэг баян хуур хөгжимчин, нэг уран уншигч багтаж байв. 


Өдгөө чуулга овгоо болгосон Александр Александров тариачны гэрт төрсөн бөгөөд багаас л гайхалтай хоолой, хөгжмийн сонсголоороо гайхагддаг байж. Нэгэнтээ хүүгийн дуулахыг Петербургийн сүмийн найрал дууны гоцлол дуучин сонсоод Александрыг Петербургт сургахыг эцэг эхэд нь ятгажээ. 


Ингээд сүмийн дууч байгаад дараа нь Петербург, Москвагийн консерваторт суралцсан тэрбээ хувьсгалын дараа Москвагийн консерваторт багшлах болсны дээр Станиславскийн нэрэмжит хөгжмийн театрт хормейстерээр ажилладаг байсан гэнэ. 


“Анхны улаан офицер” гэгддэг Клим Ворошилов  Армийн дуу, бүжгийн чуулга удирдахыг Александровт ятгасан гэдэг. Александров армид алба хааж байгаагүй, армийн уран бүтээлчдийг удирдснаас сүмийн дуучдыг удирдсан нь дээр гэж үздэг Ворошилов түүнийг ятгаж чаджээ. Хожим нь шинэ ажлаараа нэгэнт “өвчилсөн” Александров маршал Ворошиловыг тууштай байсанд нь талархсан гэдэг.

Тэрбээр Агуу их Эх орны дайны үеийн  Эх орноо хамгаалах сүлд дуу болж байсан "Священная война" буюу "Ариун дайн" хэмээх дуу зэрэг олон алдарт бүтээл туурвисны дээр ЗХУ-ын Төрийн дууллыг зохиосон аж


Александровынхон чуулгыг бараг 60 орчим жил удирджээ. 1928-1946 оны хооронд Александр Александров удирдсан бол 194-1987 оны хооронд түүний хүү Борис Александров чуулга удирдсан байна. Эцэг, хүү Александровууд чуулгын удирдлагын албан тушаалд байхдаа хоёулаа ижил цолонд хүрсэн бөгөөд тэд хоёул хошууч генерал, ЗХУ-ын ардын жүжигчин цол хүртсэн аж.


Александровын чуулгынхан очсон орныхоо дууг дуулдаг уламжлалтай 


Домр болон балалайк гэсэн Орос ардын хөгжмийн зэмсэг багтдагаараа Александровын чуулга онцлогтой. 
Энэ чуулга 1937 онд Парис дахь Дэлийн үзсэглэнд Гран-при хүртснээрээ олон улсад амжилт олох эхлэл нь тавигдсан юм. Тухайн үед чуулгын бүрэлдэхүүнд найрал дуу, хөгжмийн хамтлаг, найрал хөгжим гээд 274 хүн багтаж байжээ.  Тэр үеэс хойш Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга Оросын нэрийн хуудаснуудын нэг болсон гэдэг. 


Ийнхүү дэлхий дахинаа алдаршсан дуу, бүжгийн чуулга дэлхийн 70 орчим оронд тоглолт хийсэн бөгөөд мөрдэстэй уран бүтээлчид хаана ч тоглолтоо хийсэн бай хөтөлбөртөө зочилж буй орныхоо хэлээр дуулагдах дуу заавал багтаадаг уламжлалтай гэнэ. Харин манай оронд тоглохдоо ямар дуу сонгосон нь одоогоор тодорхойгүй байна. 


Уран бүтээлчдийн эмгэнэлт үхэл 

Орос цэргүүдийн урам зоригийг сэргээхийг  гол зорилтуудынхаа нэгийг болгосон энэ чуулга Агуу их эх орны дайны үеэр 1500 гаруй удаа тоглолт хийжээ. Ийнхүү тоглолт хийхдээ бүрэн бүрэлдэхүүнээрээ, дайтаж буй цэргийн ангид очдог байсан бөгөөд энэ уламжлалаасаа ч хожим салалгүй Югослав, Афганистан зэрэг халуун цэгүүдэд тоглолт хийж байв. 


Чухамхүү ийн Орос дайчдын урам зоригийг бадраахаар халуун цэгийг зорьж явахдаа бүрэлдэхүүнийхээ ихээхэн хэсгийг алдсан гашуун түүх бас бий. 


Одоогоос гурван жилийн тэртээ, 2016 оны 12 дугаар сарын 25-нд шилжих  шөнө Оросын Батлан хамгаалахын Ту-154 онгоц 84 зорчигч, хөлгийн багийн найман гишүүнтэйгээр  Сирийг зорьсон юм. Тэдний дунд   Александровын чуулгын 64 уран бүтээлч байлаа. Уран бүтээлчид Хмеймим агаарын цэргийн бааз дахь Оросын цэргийн алба хаагчдад шинэ жилийн баярын мэнд хүргэн, тоглолтоо үзүүлэхээр нисэж явжээ. Гэвч тэд зорьсон газартаа хүрээгүй юм. Хар тэнгист осолдсон онгоцноос ч хэн ч амьд гарсангүй... Ийнхүү олон жилийн түүхтэй чуулга олон уран бүтээлчээ нэгэн дор алдаж байсан түүх үгүй. 

 

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин