Б.Бэхбат: Халх голын домогт хилчид сөөм газар алдалгүй авч үлдсэн
2019-08-28

Зөвлөлт-Монголын цэргүүд одоогоос 80 жилийн тэртээ Халхын голд Японы эзлэн түрэмгийлэгчдийг ялсны түүхэн ойг энэ өдрүүдэд Орос, Монгол улс хамтран тэмдэглэж байна. Ой тэмдэглэх хүрээнд Халхын голын байлдааны талаар чөлөөнд байгаа дэд хурандаа Б.Бэхбаттай цөөн хором ярилцав.

 
-    Халхын голын орчимд болсон түүхэн үйл явдлыг байлдаан, тулгаралт, дайн гэх зэргээр олон янзаар нэрлэж, маргаан ч гардаг. Таны бодлоор энэ үйл явдлыг юу гэж тодорхойлох вэ? 


-    Халх голын дайныг Орос, Монгол, Японд янз янзаар мөргөлдөөн, будлиан, зүгээр л хэрэг явдал, тулалдаан, дайн гэж нэрлэх явдал байдаг.Японд ялангуяа энэ үйл явдлын цар хүрээг аль болохоор багасгах, ач холбогдлыг бууруулах санаа их байсан бололтой юм билээ. Миний бодлоор, энэ бол ялагдлаа аль болох хүн анзаарахааргүй жижигхэн, авч үзээд байх ч шаардлагагүй явдал мэт болгох оролдлого юм. Гэтэл яг хэрэг дээрээ Японы эзэн хааны арми түүхэндээ байгаагүй ялагдлыг Халх голд багахан газар, ахархан хугацаанд хүлээсэн байдаг. 680 нисэх онгоцоо алдсан гэдэг байх аа. Би нарийн статистикийг мэдэхгүй юм. Гэхдээ энэ арми 1937-1945 оны 8 сарыг хүртэл аль ч үед нь Хятадад дөрвөн сарын дотор хүлээж байсан хохиролтой нь зүйрлэх аргагүй юм. Гэтэл тэд Хятадад дайн хийж байсан шүү дээ.

Квантуны арми төв засгийн газар байтугай Жанжин штабтайгаа ч тохиролцолгүй хувийн санаачлагаараа энэ дайныг өдөөгөөд, ялагдлаа нуучихсан мэтээр Японы түүхчид ярьдаг. Би гайхдаг юм. Дэлхийн аль ч орны арми хилийн чанадад ийм хэмжээний цэргийн ажиллагааг засгийн газар, жанжин штабаасаа нууж явуулаад, бүрэн ялагдчихаад түүнээ таг нуучихна, тийм боломж байдаг гэдэгт итгэж өгөхгүй л сууна.

Тэгвэл тэртээ 80 жилийн өмнө Халх голд юу болсон юм бэ? Оросын цэргийн шинжлэх ухааны ангилалаар бол оролцсон хүн хүч, цэргийн бүлэглэлийн цар хүрээ, цэрэгт тавигдсан үүргийн хүрээ, гүнээр энэ явдал тулалдаан (сражение) юм. Оросууд Эх орны агуу их дайны цар хүрээтэй харьцуулдаг байх л даа. Гэхдээ энэ бол Хасан нуурын орчинд болсон үйл ( Бой у озера Хасан нор) явдалтай зүйрлэхийн аргагүй том тулалдаан байсан. Монгол орны хувьд бол энэ бол дайн. Тэр үеийн Монголын эдийн засгийн чадамж, хүн хүчний боломжийн үүднээс авч үзвэл манай улс Зөвлөлт Холбоот Улсын шууд оролцоогүйгээр дангаараа энэ дайныг явуулах, тэр дотроо ийм гялалзсан амжилттайгаар дуусгах ямарч бололцоогүй байсан гэж би боддог. Манай хүч боломжид ахадсан дайн байсан.


-    Халх голын байлдаан болоогүй бол Дэлхийн хоёрдугаар дайн өөрөөр өрнөх байсан гэж зарим түүхчид үздэг. Энэ тал дээр таны бодол ? 


-    Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ үед уг дайны түүхэн ач холбогдлын тухай хэн бүхэн ярьж бичиж байгаа тул надад нэмж хэлээд байх юм алга. Аливаа түүхэн үйл явцад “хэрвээ” гэж байдаггүй боловч энэ дайны явцад Японы командлалаас Зөвлөлтийн Алс Дорнодын чиглэлээр явуулж болзошгүй ажиллагаанд маш том хазаар тушаа болсон нь одоо болж өнгөрсөн түүхэн явдлын тайлан, архивын баримтуудаар нотлогддог. Халх голын ялалт нь Японы засгийн газар, армийн командлалд байсан дайныг цаашид үргэлжлүүлэх чиглэлийн талаархи санал зөрөлдөөнийг ямар ч гэсэн нэг тийш нь болгосон байдаг. Чухам умард, баруун хойд чиглэлээр дайныг үргэлжлүүлэх нь урьдчилан тааварлашгүй үр дүнд хүргэж болзошгүй нь нэгэнт тодорхой болсон тул япончууд дайнаа өмнөд чиглэлээр, Энэтхэг Хятадын хойг, Номхон далайн баруун урд, төв, өмнөд чуглэлүүдээр цаашид өрнүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Эдгээр чиглэлд япон 1943 оны дунд үе хүртэл давших шинжтэй дайтсан боловч тэнхлэгийн орнууд энэ үеэс Ази, Европ,Африкийн бүх фронтод давших чадвараа бүр мөсөн алдаж стратегийн хориглолтод шилжицгээсэн юм. Би нэгэнт тэр үед дуусчихаад байсан Халх голын дайн дэлхийн дайны тэр энэ операцид шууд нөлөөлсөн гэхээсээ илүү дайны цаашид шатлан өргөжих чиглэлд өөрийн ул мөрөө яах аргагүй үлдээсэн гэж боддог.


-    Халхын голын байлдаан дахь Монголын талын оролцоо, тэр дундаа хилчид, ар талын оролцооны талаар? 


-    Манай улсын дорнод хязгаарт харийн дайсан анх өнгөлзөж ирсэн 1930-аад оны дунд үеээс манай хилчид эх орныхоо торгон хилийг бие даан хамгаалж ирсэн гавьяат үйлстнүүд.

Ялангуяа П.Чогдон захирагчтай 7-р заставын баатарлаг хилчин дайчдын гавьяаг онцгой хүндэтгэж явдаг юм. Энэ заставын дайчид Халх голын дайны үеэр зарим үед дайсны ар талд үлдсэн боловч самбаа, санаачлага алдалгүй дайсны ар тал дахь объект руу зоригтой довтолж, тэдэнд үлэмж хохирол хүлээлгэж байсан түүхтэй. Мөн тус застав Хулд уулыг гурвантаа дайснаас чөлөөлж хоёр ч удаа хүчинд автан орхиход хүрч байсан ч эцсийн дүндээ эх орны торгон хилийн энэхүү сөөм газрыг авч үлдэж чадсан юм.

Халх голын домогт хилчид өнөөгийн хилчин дайчдын бодит үлгэр жишээ, бахархан дуурайх ахмад үе нь зүй ёсоор болсон мөнхөд дурсагдах гавьяатнууд юм.


-    Түүхэн үйл явдлын 80 жилийн ой болж байгаатай холбоотойгоор манайхаас илүү ОХУ-д эрдэм шинжилгээ, таниулан сурталчилах бүтээл, арга хэмжээ илүүтэй зохиогдож байх шиг. Хойч үедээ түүхээ таниулахын тулд ямар арга хэмжээ авбал зохистой гэж та боддог вэ? 


-    Халх голын түүхэн тулалдааны ач холбогдолыг залуу үед тайлбарлан таниулах ажлыг зөвхөн ойн баярыг угтаж биш тогтмол байнга зохион байгуулж, уг дайнд тодорсон эрэлхэг дайчдын гавьяат үйлсийг мөнхжүүлэх зорилготой ажлыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулж байх нь зүйтэй санагдана. Түүнчлэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг маршрутаар Халх голын чиглэлийг албан ёсоор тогтоож ААН, компаниуд, залуучуудын байгууллагатай хамтарч тойрон аяллыг байнга зохион байгуулж байгууштай. Энэ ажилд ЗХ-ний Жанжин штабын цэрэг-иргэний харилцааны хэлтэс хамтран оролцоход мэдээж бэлэн байгаа. Энэ сэдэв уран бүтээлчдийн цэрэг эх оронч уран бүтээлийн мөнхийн сэдэв тул нийтийн дуу, яруу найраг, кино, жүжгийн шилдэг бүтээлийн уралдааныг тодорхой үечлэлтэйгээр зохиож баймаар. Төр засгаас ч нэр нь тодроогүй баатаруудыг нэхэн шагнах явдалд тавьсан хоригоо зөөлрүүлмээр байгаа юм.


-    Баярлалаа, танд ойн баярын мэнд хүргэе! 
 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мэдээж тэнд тулалдаж байсан ахмадуудынхаа алдар гавьяаг хэн ч үгүйсгэхгүй. Бидний хувьд дайн байсан нь үнэн. Гэхдээ бүхэл бүтэн уулыг хилийн цаана үлдээж, гал зогсоосон нь харамсалтай. Хэрэв Монголчууд өөрсдөө шийддэг байсан бол мэдээж хуучин хилээсээ дотогш, дайныг зогсоож газар нутгаа алдахгүй л байсан байх.
2019-08-29
Манайх хамгийн их алдсан Бүхэл бүтэн нуруу алдсан шүү.
2019-08-29
Орос японы 2-р дайн, манайхан яалт ч үгүй оролцсон доо.
2019-08-28
irgen:
dain shyydee eh oron luu ni dairsan dainiig eldveer nerleh hereggui….hamgiin syylchiin dain gadnii tyremgiillees eh ornoo hamgaalsan orosiin tuslamjtai……..
2019-08-28