Есдүгээр сард залуучууд архидан согтуурах тохиолдол нэмэгддэг
2019-08-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ үед нийтийн тээвэрт халаасны хулгайн гэмт хэргийн гаралт өсөх, цэнгээний газраар үйлчлүүлж буй залуусын архидан согтуурах явдал хандлагатай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

 

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдон хөдөө орон нутгаас аймаг, нийслэлийг зорих хөл хөдөлгөөн ихэсдэг. Үүнийгээ дагаад гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Өнгөрсөн оны есдүгээр сард дээрмийн гэмт хэргийн улмаас 37 хүн хохирч байжээ. Иймд шөнө оройн цагаар ганцаар гадуур явахгүй байх зэргээр өөрийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

 

Мөн хичээлийн шинэ жил эхлэнгүүт залуучууд архидан согтуурч, гэмт хэрэг үйлдэх нь ихэсдэг. Тухайн архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн оюутан залуусыг Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцно. Мөн тухайн сургуульд нь албан мэдэгдэл хүргүүлнэ гэдгийг мэдэгдлээ.

 

Өнгөрсөн оны есдүгээр сард оюутнууд цэнгээний газраар үйлчлүүлж гэмт хэрэг зөрчлийн хохирогч холбогдогч болох тохиолдол ихээр гарчээ. Тухайлбал өнгөрсөн оны есдүгээр сард найман оюутан эрүүлжүүлэгдэж байжээ. Эрүүлжүүлэгдсэн оюутнуудын сургуулийн захиргаанд албан бичиг хүргүүлж байсан. Энэ жил мөн сургуулийн захиргаанд мэдэгдэж, архи согтууруулах ундааны зүй зохистой хэрэглээнд анхаарч ажиллах аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин