ХАЛХ ГОЛ-оор аялсан ТЭМДЭГЛЭЛ
2019-09-11

 

 

Өмнөх: 1. Танака багш

              2. Пан Монголизм  ЭНД-ээс

              3. Хоёр хил

              4. Хохирогч нь хэн бэ?  ЭНД-ээс

              5. Баргын ЭМГЭНЭЛ  ЭНД-ээс  тус тус уншаарай

 

                                                    6. Буриад Монголын зовлон

 

Халх голын дайнаас өмнө Зөвлөлтийн харгислалд баргуудтай хил залган нутагладаг буриадууд их өртсөн юм.  “Японы тагнуул “ гэж олон хүн хэлмэгдсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Хятадын коммунист намаас зугтаж Монгол Улсад орж ирсэн баргууд ч “ японы тагнуул” гэгдэж, хороогдсон юм. Японы тагнуулын хэргээс өөр хэргээр ч олон буриадууд хэлмэгдсэн. Тэдний дийлэнх нь Оросоос Монгол руу нүүн ирж суурьшсан буриадууд байв.

 

Буриадууд нь Монгол, Манж Го-той залгаа хойд талд тархан суурьшсан монгол угсаатан, 17 дугаар зуунд Оросын эрхшээлд газар нутаг нь орж, харьяат болсон. Тэд монголчууд дотор хамгийн их Оросын уран зохиолын нөлөөг авч, сэтгэлгээ нь орчин үежиж, ардчиллын үед ч хамгийн түрүүнд үр ашгийг нь анзаарч мэдэж байсан хүмүүс. Оросд суралцсан, алдартай эмч, түүхч,  судлаач зэрэг нийгмийн боловсролтой хэсэг их байдаг. Хиагтын гэрээний үеэр орчуулагчид нь буриадууд байв. 1920 онд Монгол Ардын Намын тунхагийг бичихэд буриадууд голлож, Монголын ШУА-ийн суурийг тавихад ч идэвхитэй оролцсон. Монголчуудын өөрсдийн хэвлэсэн анхны газрын зургийг Германд явж суралцсан, буриад хүн хийсэн байдаг.

 

 

Буриадуудын боловсролтой хэсэг өөрсдийн газар нутаг Оросд эзлэгдэн, улмаар большевикуудын дарамтанд орсонд дургүйцэн, Монгол руу дүрвэх хандлагатай болжээ. Зөвлөлт засаг Монгол руу зугтсан буриадуудыг буцаахыг Монголын Засгийн газраас шаардах болов. 1924 он гэхэд, буриад 4000 өрх, 15800 иргэд ирсэн байв.  Тэд тэр үеийн Монголын хүн амын 2-3 хувь болж байжээ. Хараахан большевикуудын нөлөөнд ороогүй халх Монголд ирж, соёл, улс төрийн хувьд хамтдаа тусгаар улсаа байгуулъя гэсэн бодлоор дүрвэн ирцгээсэн. Гэвч, хэл,  шашин, соёл зэрэг нэгтэй хүмүүсийн ойртол нягтрал нь большевикуудын хувьд “ пан монголизм”-ын аюул гэж харагдаж байв.

 

Оросын хувьсгал үймээнээс зугтсан буриадууд Дорнод, Хэнтий аймагт голлон нүүж иржээ. 1934 оны тооллогоор энэ хоёр аймагт нийлээд 14000 буриад хүн, түүний дотор насанд хүрсэн эрэгтэйчүүд 5000 байжээ. 1937-1938 онд 5368 хүн баривчлагдсан гэхээр буриадуудыг яаж хэлмэгдүүлсэн нь харагдана. Насанд хүрсэн бүх эрэгтэйчүүдийн тоо шүү дээ.

 

Монголчуудын дотор одоо “ буриадууд ч дээ..” гэх хүн тааралддаг ч, үнэндээ нийгэм, улс төр, соёлын талаар тэргүүлэх хүмүүс нь буриадууд байв. Гэвч, Зөвлөлтийн гар  Монгол Улс дахь буриадуудыг устгаад сэтгэл ханасангүй. Тэд  Манж Го улсад байгаа буриадуудад хүрч чадахгүй байлаа. Хөлөнбуйрт нутаглах шинэхэн буриадуудыг  большевикууд дайснаа гэж үзнэ. Москвагийн гар хүрэхүйн дээр тэд Манж Го, цаашилбал Японы талд үйлчилдэг Зөвлөлтийн эсрэг гол үр хөврөл төрүүлэгч болж харагдаж байлаа. Баргуудтай хамт амьдран суух шинэхэн буриадууд халхуудтай ойртох нь Зөвлөлтүүдэд яав ч таалагдахгүй, буриадуудтай ойртсон халхуудыг хэрэг тохон хороож байсан байдаг.

 

 

Хятад болон Зөвлөлтөд хуваагдсан монгол үндэстний нэг хэсгийнх нь хэл хятадчлагдаж, нөгөөх нь оросчлогдон устаж үгүй болох вий гэж хамгийн түрүүнд боловсролтой хэсэг нь болох буриадууд түгшиж, хөдөлж  эхэлсэн нь "пан монголизм" гэж харагдаж байв.

 

Зөвлөлтийн зүгээс “пан монголизм” хэмээх шошго хадагдсан хүн бол “Зөвлөлтийн эсрэг, японы гар хөл, хувьсгалын эсэргүү үр хөврөл”-өөс өөрцгүй нийгмийн дайсан гэсэн үг байв. Энэ нэг талаар одоогийн Хятадын соёлоо хайрлан хамгаалсан түвд, шашны эрх чөлөөг хүссэн уйгурууд, нүүдлийн соёлоо хадгалах гэсэн өвөр монгол хүнийг “салан тусгаарлагч, хувьсгалын эсэргүү” гэж хэлдэгтэй агаар нэгэн юм. Коммунизмын мөн чанар 80 жил өнгөрсөн ч өөрчлөгдөхгүй гэдэг нь ойлгомжтой.

Тазаки Масами

Shuud.mn
Сонин хачин