Буриад: Бөөг баривчилж, ард түмэн “БОСОХООС” сэргийлэв
2019-09-20

 

“Путиныг хөөхөөр” Москва чиглэн алхаж явсан якут бөө Александр Габышевийн тухай мэдээлэл анхлан доог тохуу, инээд, хошигнол араасаа дагуулж байсан бол Оросын зах хязгаар нутаг болох Буриадаар дайрч өнгөрснийх нь дараа түүнийг зүгээр нэг “алиа салбадай” биш гэдгийг ойлгож эхлэв бололтой. 


Түүх ингэж эхлэв


“Путиныг хөөх” зорилготой түүнийг Буриадын нийслэл Улаан-Үд хотод ирэхэд нутгийн сөрөг хүчнийхэн хүндэтгэн хүлээн авсны дээр өнөөгийн дэглэмийг эсэргүүцдэг ч үргэлжид “Путины хүмүүс” удирдлагад томилогддог, нутаг орон нь хөгжихгүй байгаад сэтгэл дундуур явдаг ч төдийлөн илэрхийлж чаддаггүй буриадуудыг якут бөө “сэрээж” орхив. 


Наймдугаар сарын дундуур якут бөө зам зуураас нийлсэн 30 орчим хүний хамт Буриадад хүрсэн юм. Эндээс л түүний асуудал эхлэв. Нутгийн бөө нар түүнийг эсэргүүцсэн бол дараа нь цагдаагийнхантай учраа олох хэрэг гарлаа. Улаан-Үд хотод орон нутгийн сонгууль есдүгээр сарын найманд болохоос өмнөхөн ирсэнд орон нутгийн эрх баригчид болгоомжлонгуй хандаж, бөөд жагсаал хийхийг зөвшөөрөгүй юм . Ингээд тэр хүссэн хүн бүртэй уулзаад, цааш замаа хөөжээ.  


Түүх ингэж үргэлжлэв 


Удалгүй, есдүгээр сарын есний өдөр Буриадын нэгэн таксины жолооч эр якут бөөг дэмжигчид баривчлагдсныг олон нийтийн сүлжээгээр зарлаж, оршин суугчдыг жагсаалд уриаллаа.Түүний уриалгад цөөн хүн нэгдсэн ч удалгүй хотын даргын сонгуульд ялагдсан Коммунист намынхны төлөөлөл нэгдэж, оршин суугчид сонгуулийг шударга бус болсон гэж үзэн үр дүнг нь цуцлахыг шаардсан юм. Тэд өөрсөдтэй нь уулзахаар ирсэн Буриадын тэргүүн Алексей Цыденовыг эсэргүүцэн шүгэлдэж, нийслэлийнхээ төв талбай дээр хэдэн өдөр автобусанд хонов.  Ямар ч жагсаал адал явдалгүй өрнөдөггүй хойно Буриадын хүчнийхэн жагсагчдыг тараахаар автобус руу утаат гранат шидэж, хүмүүсийг баривчилж, эсэргүүцлийг таслан зогсоохыг оролдсон ч улам бүр дэвэргэж орхив. 


Жагсаал ч улам олон хүнийг нэгтгэн үргэлжилсээр, үүнийг дагаад жагсаал зохион байгуулагчид ч ээлж дараалан баривчлагдаж эхлэсэн юм. 


Улаан-Үдэд баривчилгаа үргэлжилж байна 


"Бөөсөнд хутга" буюу бөөг баривчилсан талаар хэн юу гэв? 


Бөөг дэмжигчдийг суллахыг анхлан шаардаж, улмаар улс төрийн эсэргүүцэл болсон Буриадын эсэргүүцлийн давалгааны гол төлөөлөгчид толгой дарааллан баривчлагдаж эхлэсэн бол энэ удаад “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” баривчлагджээ.

Буриад: “Путиныг хөөхөөр” алхаж яваа бөөг баривчилжээ  


Анхлаад энэ мэдээлэл фейсбүүкээр тархсан ч албан ёсны мэдээлэл гараагүй байлаа. Харин баривчилгаанаас ойш хэдэн цагинй дараа Буриадын Дотоод хэргийн яам Александр Габышевийг Эрхүү мужтай залгаа хил дээр баривчилсан гэх мэдээллийг батласан юм. Түүнийг Якутын нутаг дэвсгэр дээр байхдаа үйлдсэн хэргийнх нь төлөө эрэн сурвалжилж байгаа гэсэн ч чухам ямар зөрчил гаргасан талаар нь тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Мөн хамгийн ойрын хугацааны нислэгээр Якут руу буцаана гэж албаныхан мэдээлжээ. 


Өмнө нь Улаан-Үдийн жагсаалыг санаачлагч, “ардын баатар” хэмээгдэх болсон Баиров жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчсөн гэдгээр 8 хоног хоригдон, гарч ирмэгцээ “хүүхдийн тэтгэмж” төлөөгүй гэдгээр дахин баривчлагдаж байв.  Энэ талаар Буриадын Шүүхийн шийдвэр газрынхан “хүүхдийн тэтгэмжийн өр хуримтлагдсан, эрэн сурвалжлагдаж байсан” гэж тайлбарласан юм.

Үүнтэй адилхан якут бөө ч үнэхээр өөр хэргээр эрэн сурвалжлагдаж байсан уу? Эсвэл энэ ердөө “хорхойд хоргүй” хүн рүү хэт их анхаарч байгаа хууль сахиулагчдын сүржигнэл үү?  Энэ тал дээр  Оросын шинжээчид хэвлэлүүдээр янз бүрийн байр суурь илэрхийлжээ. 


Иргэний нийгмийн хөгжлийн сангийн Новосибирскийн салбарын дарга Константин Антонов: 


“Улаан-Үдэд эсэргүүцэл сонгуулийн дараахан эхлэсэн. Энэ нь саналыг буруу тоолсонтой холбоотой байсан юм. Бөөгийн энд гүйцэтгэсэн үүрэг бол хэлбэр төдий. Энэ бол Буриадын эрх баригчид болон хүн ам гэсэн хоорондоо ойлголцохгүй байгаа хоёр субъектын  хоорондын асуудал”


“Текущий момент” хүмүүнлэгийн судалгааны төвийн захирал Сергей Комарицын: 


“Габышев Буриадад нэг их дэмжигчидтэй байгаагүй. Харин бөөг дэмжигчдийг суллахыг шаадсан жагсаалд коммунистууд нэгдснээр эсэргүүцэл хүрээгээ тэлсэн. Жагсагчид ч шаардлагаа өөрчилсөн, Габышев үүнд огт хамаагүй. Одоо Габышевийг зогсооно гэдэг үнэхээр тэнэг санаа. Тэр замынхаа ихэнх хэсгийг туулсан. Тэр Якутаас Өвөр Байгалыг туулсан. Энэ хооронд хэн ч саатуулаагүй. Одоо түүнийг Якутад хэрэг үйлдээд, эрэн сурвалжлагдаж байсан гэж байна. Хоёр сарын туршид түүний талаар бичсэн, ярьсан, хаана явааг нь бүгд мэдэж байхад яагаад одоо л эрэн сурвалжилж байгаа юм.” 


Улс төрийн зөвлөх Алёна Август: 


“Өнөө цагт хүн бүр л сайн дурын хэвлэлийн ажилтан болж, үйл явдлын талаарх өөрийнхөө хувилбарыг дэвшүүлэн, хэн нэгнийг дэмжихийг уриалдаг болчихсон. Харин би одоогоор хэнийг ч дэмжихгүй, нөхцөл байдлын учрыг олцгоохыг уриалж байна” гэжээ. 

Буриадын тэргүүн: “Бид бүгд түр зогсох хэрэгтэй байна”

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗАЛЬТАЙ АРХИЧИН
2019-09-20
мөчий нь хуга цохь
2019-09-20
Бүтэхгүй гар
2019-09-20