Хятад 109 жилийн түүхтэй хуучин нисэх буудлаа хаана 
2019-09-23

Есдүгээр сарын 30-нд дэлхийн хамгийн том “Дасин” шинэ  нисэх буудал нээлтээ хийсний дараа Хятадын анхны нисэх буудал болох “Наньнюань” хаагдана гэж “Жунго жибао” сонин мэдээллээ. 

“Наньюань” нисэх буудал  1910 онд байгуулагдсан бөгөөд 1913 онд энд Хятадын анхны нисэхийн сургууль, дараа нь анхны нисэх онгоцны үйлдвэр байгуулагдаж байжээ. 


Анхандаа энэ буудлыг цэргийн нисэх буудлын зориулалтаар ашиглаж байсан ч удалгүй иргэний агаарын тээврийн үйлчилгээ явуулах болсон байна. Одоо энэ буудал цэргийн болон иргэний агаарын тээврийн нисэх буудлаар ашиглагдаж байгаа гэнэ. 


“Наньюань” нисэх буудалд  China United Airlines компани л үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ компани есдүгээр сарын 30-ны өдрөөс шинэ нисэх буудалд үйл ажиллагаа явуулах болсонтой холбоотойгоор 109 жилийн түүхтэй нисэх буудал хаагдахаар болжээ. 


Энд дуулгахад, дэлхийн хамгийн томд тооцогдож буй “Дасин” олон улсын нисэх буудлын барилгын ажил зургаадугаар сарын 30-нд дууссан байна. Нийтдээ нэг сая кв.м талбайтай нисэх буудлыг БНХАУ-ын 70 жилийн ойн өмнөхөн, есдүгээр сарын 30-нд нээхээр төлөвлөжээ. 

“Дасин” нисэх буудал хотын төвөөс 46 км зайд байрладаг, хөөрөх газардах дөрвөн зурвастай, жилдээ 620 мянга хүртэлх нислэг хүлээн авах хүчин чадалтай юм байна. Төслийн дагуу 2025 он гэхэд 72 сая хүнийг нэвтрүүлэх чадвартай байхаар тооцоолжээ. Түүнчлэн 2025 он гэхэд жилд тээвэрлэх ачааны хэмжээг хоёр саяд хүргэнэ хэмээн төлөвлөж байгаа аж. 


“Дасин” нисэх буудал нь дэлхийн хамгийн том, мөн хамгийн нарийн инженерийн төсөлд тооцогдож байгаа юм. Буудлын дээвэр нь 25 хөлбөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэнэ гэдгээрээ дэлхийн хамгийн том ган дээвэр болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин