Алексей Цыденов: Манай асуудал хэдийнэ олон улсын түвшинд хүрсэн
2019-09-24

 

Буриадын нийслэлд болсон хотын даргын сонгууль олон хоног үргэлжилсэн эсэргүүцэл дагуулж, хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр шуугиан тарьсан. Үүнтэй холбоотойгоор ВЗГЛЯД сонин хүмүүс гудамжинд гарч жагссаны шалтгаан, энэ түүхд “якут бөө” ямар үүрэг гүйцэтгэсэн талаар Буриадын тэргүүн Алексей Цыденовтой ярилцсаныг товчлон хүргэж байна. 


- “Якут бөө”-ийн жолоочийг баривчилсан, эсвэл сонгуулийн үр дүн хоёрын аль нь үйл явдлын гол өдөөгч болов оо? 

Алексей Цыденов: Сонгууль болохоос өмнө коммунистуудын хэн нь ч энэ “бөө”-гийн талаар санаагүй, гэтэл тэр олон сар алхаж яваа шүү дээ. Буриадын нутаг дэвсгэрээр гэхэд л наймдугаар сарын сүүлээс эхлэн алхсан.  Үйл явдлын шалтгаан нь нэн тэргүүнд сонгуулийн үр дүн. Жолоочийг баривчилсан нь ухамсарт өдөөн хатгалгын шалтаг төдий. Манай Буриадад хүмүүс их уриалгахан, үргэлж хохирогчдыг хамгаалж байдаг. Коммунистууд ердийн, хууль ёсны жагсаал хийсэн бол тэнд нэг их хүн цуглахгүй байх байсан. 


- Жишээ нь төв талбай дээр үү?


А. Ц.: Төв талбай дээр жагсаал хийхийг хориглодог. Жагсаал цуглаан хийхэд зориулагдсан газрууд бий. Тухайлбал “Юбилейный” цэцэрлэгт хүрээлэн байна, тэнд мөн хууль ёсны жагсаал болсон. Ингээд өдөөн хатгалга гарч, хүмүүс өөрсдийгөө шахагдаж, дарамтлагдсан мэтээр ойлгуулаад эхлэхээр олон нийтийн хандлагыг авч байгаа юм. Хүмүүс урьд урьдынхаасаа илүү татагдаж, туслахыг хичээнэ. Гэвч бүгд үнэн мөнийг мартана.  Төв талбай дээр цугласан олноос “Та ямар зорилготой ирсэн бэ?” гэж асуухад “Улс төрийн хоригдлуудыг суллуулахын төлөө” гэж хариулж байгаа юм. 


- Ингэхэд Игорь Коношанов /якут бөөгийн жолооч гэгдэх/ ямар шалтгаанаар баривчлагдсан юм бэ? 


А. Ц.: Автобус жолоодож байх үед нь зогсоож, тээврийн бичиг баримтаа үзүүлэн, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулах шаардлагад татгалзсан. Мөн цагдаагийн албан хаагчдад эсэргүүцэл үзүүлсэн. Энд ямар улс төр байна аа? Согтуугаар машин жолоодох нь улс төр юм уу? Хүмүүст ингэж хэлэхээр ойлгож, зөвшөөрч байгаа юм. харин юу ч хэлэхгүй тайлбарлахгүй бол хүмүүсийн тархийг угааж байгаа хэрэг. 


- Хууль бус жагсаал зохион байгуулсан хэргээр хожим нь баривчлагдсан хүмүүсийн дунд Петр Дондуков гэж хүн бий. Захиргааны хэргийн баримт бичигт дурдснаар тэрбээр “захиргааны хэргээр баривчлагдсан хүмүүсийг суллуулахыг шаардаж, “Буриадууд бид Чингис хааны удам, бүгд нэгдэцгээ” гэж хашгиран, цуглаанд уриалсан” гэж бичсэн байсан. Эндээс үндэстэн хоорондын хурцадмал байдлын үндэс тавигдаж байгаа мэт танд санагдсан уу? 


А. Ц.: Ахуйн түвшинд болон хүмүүсийн хооронд ийм зүйл огт байхгүй, болох ч үгүй. Албан тушаалын хэрэг дээр л улс төрийн түвшинд түгшүүртэй шинж тэмдгүүд бол бий. 


- Энэ хямралын гол сургамжууд нь юу гэж та бодож байна? 


А. Ц.: Үүнд нөлөөлсөн бодит шалтгаанууд мэдээж бий. Гол үзүүлэлт нь инфляцаас үүдэн өсөхгүй байгаа иргэдийн орлого. Мэдээж амьдрал хялбар биш. Ямар нэг зүйлийг өөрчлөх гэсэн хүмүүсийн хүсэл туйлын үнэн бөгөөд ойлгомжтой. Гэхдээ энэхүү туйлын ойлгомжтой эрмэлзэл дээр ашиг хонжоо олох гэсэн зарим улс төрчдийн хүслийг юу ч гэмээр юм. 


- Гэхдээ төв талбай дээр жагссан иргэдийг хүчээр тарааж байгаа нь анзаарахгүй байхын аргагүй байсан. 


А. Ц.: Төвөгтэй харагдаж байгаа. Тэгвэл өөр юу хийх байсан бэ гэсэн асуулт байна. Хэдэн өдөр өнөөх таксины жолооч Баировыг машинаасаа гарахыг ятгасан. Өмнөх өдөр нь хууль сахиулагчид очиж, өөрсдийгөө танилцуулан, үнэмлэхээ үзүүлж, ямар зөрчил гарсныг тайлбарлаж, машинаасаа буухыг хүссэн. Бүтэн өдөржин шүү. Үүний араас юу хийх ёстой байсан юм бэ? 


-Дэлгэцээр гарахгүй, олон нийтийн сүлжээгээр тэгтлээ тарахгүй, орон нутгийн маргааныг холбооны түвшинд болгочихооргүй байсан тийм л арга хэмжээ...


 А. Ц.: Манай асуудал хэдийнэ олон улсын түвшинд хүрчихсэн. Асуултаа дахиад давтая. Өөр ямар хувилбар байсан бэ? Үргэлжлүүлэн ятгасаар байх уу? Дахин нэг өдөр, маргааш нь ч мөн адил гээд л . Гэтэл бид тэр талбай дээр Халх голын 80 жилийн ойд зориулсан олон улсын арга хэмжээ төлөвлөсөн байсан шүү дээ. 


- Таныг эсэргүүцэгчид энэ арга хэмжээг гэнэт л зарласан гэж ярьж байсан 


А. Ц.: За больж үз. Парадыг сонгуулиас гурван сарын өмнө бэлдэж эхлэсэн. Монголын талын зочид төлөөлөгчдийг урьчихсан, төлөвлөгөөт, маш чухал, эртнээс төлөвлөсөн олон улсын арга хэмжээ байсан шүү дээ. Халх гол шүү дээ! Буриадаас 16 мянган хүн энэ байлдаанд оролцсон. Бид энэ дайнд оролцон амиа алдсан хүмүүсийн нэрсийг бичсэн хөшөө хүртэл босгосон шүү дээ. 


Өөр яах байсан юм? Арав эсвэл хорин өдөөн хатгагчдаас болж арга хэмжээгээ цуцлах байсан юм уу? Сая хүн амьдардаг улсад шүү дээ? Энэ бол туйлын буруу гэж би бодож байна. 


-Үйл явдал цааш хэрхэн үргэлжлэх бол? Хууль бус тэмцэл дууссан уу эсвэл үргэлжлэх болов уу? 


А. Ц.: Оролдлого үргэлжилсээр байхыг үгүйсгэхгүй. Улаан-Үдийн хотын даргын сонгуулийг цуцлах хуульзүйн үндэслэл байхгүй, байх ч боломжгүй. Энэ бол хүн бүрт ойлгомжтой. Тиймээс олон нийтийн зүгээс дэмжлэг авах гэсэн оролдлого үргэлжилж мэдэх юм. 


- Та яагаад олон нийтийн сүлжээнд “ялагдаад” байна? 


А. Ц.: Учир нь бид ажлаа хийдэг. Хүмүүс бүтэн өдөржин суртал ухуулга хийж байхад бидэнд өдөр бүр шийдэх ёстой тодорхой зорилтууд бий.  Олон нийтийн сүлжээнд хэт анхаарлаа хандуулвал бусад ажил орхигдоно. Одоо халаалт дулаан өгөх улирал ирсэн, хичээлийн шинэ жил эхэллээ, шийдвэрлэх ёстой олон ажил байна. Оны сүүл гэхэд олон барилга ашиглалтад өгөх ёстой. Бид ажлаа л хийж байна, харин манай зарим хамтран ажиллагсад биднийг хэрхэн буруутгах талаар бодож өдрийг барж байгаа юм. Үүнд л ялгаа байна. 

 

Буриадын депутат Цыренов: Биднийг улам бүр дарж байгаа ч хүмүүс сэрж байна 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин
Mp:
Чи Монголын, монгол угсаатны тухай, монго хэлний тухай юу мэдэх вэ? Яагаад Путины гар хөл гэж?
2022-06-03
Рм:
Буриат хэлээ мэдэхгүй энэ амьтан Путины тоглоомыг хүүхэлдэй
2019-09-24
Mp:
Чи Монголын, монгол угсаатны тухай, монго хэлний тухай юу мэдэх вэ? Яагаад Путины гар хөл гэж?