Шахмал түлшний “шид”-ийг үзэх өдрүүд айсуй
2019-10-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газар өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг, худалдан борлуулах, түлэхийг хориглосон. Ингэснээр нийслэлчүүд түүхий нүүрсэнд “баяртай” гэж хэлэв. Нүүрсний оронд сайжруулсан шахмал түлш гэх утаа тортог багатай “нүүрсийг” хэрэглэхээр болсон. Энэ түлшний ид шидийг үзэх өдрүүд хэдий нь хаяанд иржээ.

 

Намрын налгар өдрүүд ард хоцорч нэг л өглөө цастай уулын орой цавцайн байна. “Сайжруулсан түлш илчгүй. Энэ өвлийг яажшуухан давна даа” хэмээн санаа алдаж суусан нийслэлчүүдийн өмнө “өвөл” юу юугүй хүрээд ирлээ.

 

Эхэлж байснаа бодоход түлшээ нөөцөлчихсөн, “сайн” картаа тараачихсан, түлш борлуулах цэгүүдийг тодорхой болгож таних тэмдгүүдийг байршуулжээ.

 

400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож нийт 504 жижиглэн цэг байгуулсан бол харин 42 бөөний төвөөс жижиглэнгийн цэгийг хангах юм байна. Жижиглэн болон бөөний борлуулалтын цэгт 14,300 тонн, үйлдвэрийн бүсэд 142,904 тонн сайжруулсан түлшийг “Тавантолгой түлш” компанийнхан нөөцөлжээ.

 

Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликейшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцох журмаар худалдан авалт явагдана. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой.

 

Утааны гол “буруутан” гэр хорооллын айл өрхүүд гэдэг. Улсын нийт хүн амын 60 хувь нь буюу үндсэн бүртгэлтэй 1 сая 350 мянган хүн Улаанбаатар хотод аж төрж байна. Үүнээс нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байна. Энэ нь 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Засгийн газар өнгөрөгч тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон. Ингэснээр иргэд түүхий нүүрс биш сайжруулсан шахмал түлш хэрэглэх л үндсэн нэг сонголттой болсон.

 

Жилд айл өрхүүд 1 сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг бол сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд оруулснаар жилд 600 мянган тонныг л түлнэ. Тийм ч учраас агаарын бохирдол 50 хувиар буурна гэдгийг албаныхан судалгаанд суурилан тайлбарласан. Учир нь “Тавантолгой”-н нүүрс учраас шаталт сайн, шаталтын хугацаа урттай аж.

 

Хүссэн хүсээгүй өвөл хаяанд ирж шахмал түлшнийхээ “шидийг” үзэх өдрүүд эхэлж байна. Түлж үзээд, туршиж үзээд дааруулахгүй өвөлжүүлж болмоор бол бид олон жилийн турш ярьж ирсэн утааг багасгах урагштай арга олж “том” дэвшилт хийлээ гэсэн үг.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайд нэг гаж тогтолцоо бүр арилдаггүй шинэ эхэн үедээ чанартай байж байгаад сүүлдээ чанаргүй хуурамч хулхи болдог түүн шиг битгий болоосой бас дуураймал чанаргүй түлш зарагдахгүй гэх баталгаа байхгүй үнэхээр л тооцоо судалгаа туршилтаар баталгаажаад худалдаан гарч байгаа бол сайн л байна чухал нь маш хямд байх тэгвэл шатаж болох хог түлэхээ болино одоо цагт ядарсан хүмүүс нүүрс авч дийлэхгүй үнэгүйгээр нь шатааж болох бүх хог түлж л дулаантай золгож байгаа тэр хүмүүсээ адалж муулаад яах вэ
2019-10-03
зочин:
Улаан нь ч бай, цэнхэр нь ч бай хэн нь хэрэгжүүлсэн бай бүгдээрээ дэмжие, өөрсдийнхөө, үр хүүхдүүдийнхээ төлөө
2019-10-03