Д.Даваасүрэн: Хууль бус наймаанд нэр холбогдсон дипломат ажилтнуудыг чөлөөлж байгаа
2019-10-03

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна.  Хуралдаанаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг танилцууллаа. Дараагаар нь гишүүдийн асуултад  ажлын хэсгийн гишүүд хариулав.

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Гадаадад байгаа дипломат төлөөлөгчдийн газруудын байр муудсан, урсгал засвар хийгдээгүй байдаг. Урсгал засварт мөнгө хэр төлөвлөж байна вэ? Батлан хамгаалах салбарт санхүүгийн зөрчил гарсан гэж яригдаж байгаа. Хариуцлагыг дээшлүүлэх механизмаа яаж зохицуулах вэ? Өнгөрсөн жил маш их түймэр гарлаа. Онцгой байдлын хувьд хөрөнгө мөнгө, техникийн ямар байсан бэ?

 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн:

 

-2018  онд ГХЯ-нд 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан. Дипломат  төлөөлөгчийн байранд  нэг тэрбум төгрөг, Женев, Бээжин, Бельги дэх ЭСЯ-ны байранд төсөв тусгаж,  их засвар хийгдсэн. Гүйцэтгэл бүрэн батлагдсан.  2018 онд 278 сая төгрөгийг хүүхдийн цэцэрлэгийн төсөвт тусгаж, бүрэн хэрэгжсэн.

 

БХ-ын сайд Н.Энхболд:

 

-НҮБ-аас орж ирдэг эх үүсвэр орж ирээгүйгээс төлөвлөгдсөн ажил хойшлогдсон. Манайхаас шалтгаалсан асуудал биш. НҮБ-ын гишүүн орнуудын мөнгө хугацаандаа орж ирээгүйгээс хойшилсон. 2019 он гарсны дараагаар орж ирсэн. Энэ жилийн тухайд ч мөн НҮБ-аас орж ирэх санхүүжилт удаашралтай байгаа.

 

ОБЕГ-ын дарга н.Ариунбуян:

 

-Онцгой байдлын газрын тухайд төсөвлөсөн төсвийн дагуу явагдаж байгаа. Улсын төсвөөс гадна гадаад эх үүсвэрээс санхүүжилт орж ирдэг. Саяхан Белоруссь Монгол Улсын Засгийн газрын хороонд  нийтдээ 15.4 сая еврогийн өртөг бүхий 70 гаруй автомашин авах гэрээ байгуулж, УИХ-аар соёрхон баталсан. Ой хээрийн түймэртэй тэмцэхэд нисдэг тэрэг, тусгай зориулалтын автомашин авахаар Францын Засгийн газартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярьж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Гадаад оронд суугаа дипломат ажилтнууд хууль бус наймаанд холбогдож, эрэн сурвалжлагдаж байна. Гэтэл эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс дипломат албанд ажиллаж байна. Яагаад та нар арга хэмжээ авахгүй буцаан томилж байна вэ? Хар тамхины хууль бус наймааг яагаад зогсоохгүй байна.  Үүнийг хэзээ нэг мөр таслан зогсоох юм бэ?

 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн:

 

-БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэлийг  эргүүлэн татахаар Ерөнхийлөгчид хандсан. Польшийн цагдаагийн газраас гаргасан 69 иргэнээс 43 нь одоог хүртэл эрэн сурвалжилж байгаа мэдээлэл гарсан. Хоёр улсын цагдаагийн газар хамтарч ажиллаж байгаа. Хилийн чанадад суугаа төлөөлөгчдийн газруудын ажилтнуудаас шээсний шинжилгээ авч, хар тамхи хэрэглэсэн эсэхийг шинжилдэг. Одоогоор дипломат албанд ажиллаж байгаа хүмүүс хууль бус наймаанд оролцсон зүйлгүй. Гэхдээ нэр холбогдсон хүмүүсийг ажлаас нь чөлөөлж байгаа.  

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч дууссаны дараагаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийн талаарх дүгнэлтийг Төсвийн зарлагын хороонд шилжүүлэхээр боллоо. Дараагаар нь Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өмнө нь яагаад чөлөөлөөгүй юм бол ,шалтгаан байна уу
2019-10-03
иргэн:
ОХУ-д БАВУУ гэдэг элчин сайд байхад бүгд ээлжээр тамхины худалдаа хийдэг байсан байхаа
2019-10-03
irgen:
choloolj baigaa hariuzlaga toozoh , hurdan bygdiig ni cholooloh eh ornii ner delhiid buzarlahgui hymyys baigaa hsdee,,,ta nar tanil talaa tavidagaa zogsoo !!!!!!!!!!!!
2019-10-03
choloolj baigaa bish neg tushaalaar boond n cholooloh yostoi
2019-10-03
Гадаад яамны төсөв биш хар тамхины наймааны төсөв гэвэл таарч дээ, яршиг.
2019-10-03