Таны мэдэх ёстой ЁСЗҮЙН дүрмүүд 
2019-11-02

 

Америкийн Эмили Пост хүрээлэнгийн ажилтнууд 5-7 жил тутамд “Ёсзүйн нэвтэрхий” толинд өөрчлөлт оруулдаг бөгөөд зарим ёсзүйг хуучирсан гэж хасдаг бол цаг үетэйгээ нийлүүлэн шинэ дүрмүүдийг нэмдэг аж. Ердөө таван жилийн өмнө байгаагүй ч өнөөдөр бид заавал мэдэх ёстой ямар дүрмүүд нэмэгдсэн талаар Адме.ру мэдээлснээр хүргэж байна. 


Зоогийн газарт хоолны зураг авч болох уу? 

 

Өнөөдөр дэлхий даяар л хэн бүхэн хооллосон зоогийн газрынхаа зураг, идсэн хоолныхоо зургийг олон нийтийн сүлжээнд байршуулдаг нь ёс мэт болсон. Тиймээс ёсзүйн дүрмээр хоолны зураг авахыг хориглох нь тийм зөв алхам биш. Гэхдээ зоогийн газарт хоолныхоо зургийг авах гэж байгаа бол орчны анхаарлыг өөр дээрээ татахгүй,  утасны гэрэл ашиглахгүйгээр авахыг зөвлөжээ. 


Үдэшлэгт оролцсон зургаа олон нийтийн сүлжээнд байршуулах 


Өөрөө үдэшлэг зохиосон бол хөгжилдсөн зургаа тавих эсэх нь тухайн хүний л эрх. Мөн үдэшлэг зохион байгуулагч зураг авахгүй байх хүсэлт тавьсан бол үүнийг мөрдөх хэрэгтэй. Түүнчлэн зурган дээр өөр хүмүүс гарсан бол тэдэнд мэдэгдэхгүйгээр хүмүүсийг тэмдэглэх /tag хийх/ хэрэггүй. 


Хаана селфи хийх вэ? 


Селфиний тухайд тухайлсан хатуу дүрэм гаргаагүй гэнэ. Гэхдээ 2015 онд гэхэд л аварга загасны дайралтаас болж амиа алдсан хүмүүсээс ч олон хүн селфи хийх гэж амиа зольсныг сануулжээ. 


Мөн эргэн тойрны хүмүүс ямар нэг чухал үйл явдал эсвэл объект дээр анхаарлаа төвлөрүүлсэн байх үед селфи хийх өөрөөр хэлбэл урлагийн бүтээл, сүм, хуримын ёслолын үеэр селфи хийх нь ёсзүйгүйд тооцогдох аж. Энд оршуулгын тухай дурьдаад ч илүүц биз. 


Чихэвч хаана ашиглаж болох вэ? 

 

Чихэвчийг бидний сонсож буй хөгжмийг бусдад сонсгохгүйн тулд бүтээсэн гэх бөгөөд хүн ихтэй газарт чихэвч зүүх нь зохимжгүй гэж хүмүүс үздэг. Харин ёсзүйн шинэ дүрмээр чихэвч хэрэглэж байгаа хүн бусдын ярианд оролцохгүй гэж шийдсэн бүхий л нөхцөлд, нийтийн тээвэр, номын сан, кафе, ажил дээрээ ч чихэвчээ авахгүй байж болох гэнэ. Энэ нь “надад бүү саад бол” гэсэн эелдэг сануулга болох аж. 

 

Олон нийтийн сүлжээнд зурвасаар харилцахдаа ... 


•    Богино мессежүүд үй олноор явуулж байснаас нэг зурвасд хэлэх гэсэн санаагаа бүгдийг багтаан  бичихийг хичээгээрэй. 
•    Ахмад настнуудтай харилцахдаа залуусын дунд хэрэглэгддэг хар ярианы үгс, товчлол зэргээс зайлсхийх нь зүйтэй. 
 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин