М.Энхболд: Сонгуулийн хуулиар улс төрийн намуудтай зөвшилцөл хийх хэрэгтэй
2019-12-04

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.  УИХ-ын, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийн хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

 

-Сонгуулийн хуулийн хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргаж байна. Гурван нам УИХ-д суудалтай байгаа. Монгол Улс нэг тойрог, мажоратори гэж хэлж байгаа бол  нэр дэвшигч Монгол Улсын хэмжээнд сонгогдох ёстой. Тэрнээс биш сонгогдсон хүний сүүдэр дор орж ирж болохгүй. Иймэрхүү байдлаар явбал Монгол Улс Үндсэн хуулиа дагадаггүй, хуулиа дээдэлдэггүй орон болно. Өнөөдөр АН-аас зохион байгуулж Үндсэн хуулийн яриа гэж орсон нэрээр сонгуулийн хуулийг хүчилж болохгүй шүү. Хэрвээ дэмжихгүй бол бид тэмцлийн хурц хэлбэр рүү орно шүү гэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: 

 

-Бид хуралдаанаар хэлэлцэх асуудлаа баталсан. Одоо зөвхөн дарааллыг ярьж байна гэлээ. УИХ дахь  АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

 

-Сонгуулийн хуулийг яаралтай батлах ёстой гэдэг дээр санал нэг байна. Гэхдээ өнөөдөр гишүүд дөнгөж хуулийн төслийг аваад одоо хэлэлцэнэ гэж болохгүй. Энэ хуулийн төслийг холбогдох байгууллагуудад танилцуулаад улс төрийн намуудын саналыг авах ёстой. Энэ хуулийг хэлэлцэх хугацааны хязгаар байхгүй. Гэхдээ ондоо багтааж гаргах дээр санал нэг байна. Тэгэхгүй бол улс төрийн маргаан гарна. Төрийн байгууллагуудын саналыг заавал авах ёстой. Үүнд Монголын улс төрийн эрх ашиг хөндөгдөнө. Бид ирэх долоо хоногоос хэлэлцэх ёстой. Түүхий зүйлийг олонхиороо түрж хэлэлцэх хэрэггүй.

 

Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан: 

 

-Бид энэ хуулийн төсөл дээр хоёр жил ажилласан. Хуулийн хэлэлцүүлэг хийсэн, сайт дээр тавьсан, улс төрийн намын төлөөллүүдийн хэлэлцүүлэг хийсэн, төрийн үүрэгтэй оролцдог байгууллагуудын саналыг авсан. АН-ын саналыг авч тусгасан.  Энэ хуулийн төсөл бол зөвхөн хэлэлцэх эсэх. Ажлын хэсэг дахиж орно. Өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдээд өгнө үү гэсэн саналтай байна. 

 

УИХ-ын гишүүн М.Энхболд: 

 

-Горимын санал гаргаж байгаа гишүүдийн саналыг харгалзаж үзэх ёстой. Өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад улс төрийн дөрвөн намын төлөөлөл байгаа. МАХН-ын төлөөлөл хуралдаанд оролцох боломжгүй гэж гарч явж байна. АН-ын төлөөлөл хуулийн төсөлтэй танилцах боломж олгооч гэж байна. ШИНЭ намын дарга Ж.Батзандан дөнгөж сая хуулийн төслөө гардаж  авлаа. Би үүнээс хоёр цагийн өмнө энэ хуулийн төслийг хүлээж авсан. 2015 онд бид сонгуулийн хууль өөрчлөхөд Үндсэний зөвшилцөл гэж бүх намын дарга нарыг уриад, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан хэлэлцүүлэг хийж байсан. Саналыг нь сонсоод хэлэлцээд явсан. Ядаж нэг өдөр хуралдаад, хуулийн төсөлтэй танилцах боломж олох хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Энэ долоо хоногтоо хэлэлцэх эсэхийг нь шийдэх хэрэгтэй байна. Дараагаар нь ажлын хэсэг гаргах юм. Сонгуулийн хуулинд нягт нямбай хандах хэрэгтэй байна. 

 

Ийнхүү Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Сонгуулийн хуулийн төслийг маргааш хэлэлцэхээр боллоо. 

Н.Энх 

 

Shuud.mn
Сонин хачин