Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэжээ
2020-01-09

 

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг – Энержи Ресурс компанийн хамтарсан “Бяцхан зүрх” төсөлд хамрагдсан 40 хүүхдийн эхний ээлж энэ долоо хоногт эх орондоо

буцаж иржээ.

 

Энэ төслөөр зүрхний төрөлхийн гажигтай, эмчилгээний боломж тааруу нийт 40 хүүхдэд амьдрал бэлэглэх зорилготой бөгөөд БНХАУ-д нарийн мэргэжлийн хагалгаанд орсон хүүхдүүдийн хагалгаа бүгд амжилттай болсон байна.

 

 

Манай улсад зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн тохиолдол олноор бүртгэгдэж байгаа ч Монголд эмчлэгдэх боломжгүй, эсвэл зардал мөнгөний боломжоос шалтгаалан хугацаа алдах, амь насаа алдах тохиолдлууд гарсаар байдаг. Хүүхдүүдийг Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт бүртгэн авч, урьдчилан болон давтан үзлэгт хамруулсны үндсэн дээр нийт 40 хүүхдийг БНХАУ-ын 2-3 хотод, ар гэрийн асран хамгаалагчдын хамтаар байрлах, эмчлэгдэх бүх зардлыг дааж, 2 ээлжээр хагалгаанд оруулж байгаа юм байна. Хагалгааг хамгийн орчин үеийн дэвшилтэт аргачлалаар, өвчтөнүүдийн биед зүсэлт, зовиур багатай технологиор хийсэн тул хүүхдүүдийн эдгэрэлт хурдан, биеийн байдал хурдан тэнхэрч байгаа аж.

 

Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн Орлогч дарга Т.Баярчимэг:

  • Зүрхний нарийн мэргэжлийн хагалгааг, богино хугацаанд, нарийн сайн зохион байгуулалттай хийж өгч, сэтгэлээсээ чармайн ажилласан Хөх хотын улсын эмнэлгийн эмч нар болон Монголын талаас Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн эмч нартаа маш их баярлалаа. Олон айл, өрхийн амьдралд гэрэл гэгээ өгч, бяцхан хүүхдүүдэд амьдрал бэлэглэх эмчилгээний санхүүжилтийг бүрэн шийдэж өгсөн Энержи Ресурс компанийн хамт олонд талархал илэрхийлье.

Энержи Ресурс ХХК-ийн Компанийн нийгмийн хариуцлагын менежер Г.Отгонтуяа:

  • Манай компаниас 40 хүүхдийн хагалгаа, эмчилгээнд орох зардлыг 100% дааж, 940 гаруй сая төгрөгний санхүүжилтийг олгосон. Хүүхдүүдийн хагалгаа амжилттай болж, түрүүчээсээ эх орондоо ирж байгааг харах үнэхээр сайхан байна. Өвчний байдал, ар гэрийн нөхцөл боломжийг харгалзаж, олон хүүхдүүдэд амьдрал бэлэглэхийг зорьсон.

 

Shuud.mn
Сонин хачин