Амь аврах авсаархан төхөөрөмж
2020-01-15

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын өрхүүдэд өчигдрөөс /2020.01.14/  угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тарааж эхэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Уг төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдэж буйг илтгэнэ. Харин ногоон гэрэл 30 секунд тутамд анивчих бөгөөд энэ нь гэр, сууцанд ямар нэгэн аюул үгүй, байдал хэвийн байна гэж ойлгож болно. Шар гэрэл асвал төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл гарсан гэсэн үг аж.

 

Гэр хорооллын 202 мянган өрхөд угаарын хийн мэдрэгч үнэгүй тараахад 6.6 тэрбум төгрөг зарцуулах тухай тооцоо судалгаа гарсан. Том тоотой төсөв тул том төхөөрөмж ирэх мэтээр иргэд ойлгожээ. Гэтэл “хүүхдийн тоглоом шиг авсаархан эд юм” хэмээн хүлээн авч байна. Энэ авсаархан эд аюултай үед амь аврах юм.

 

Уламжлалт зуухандаа сайжруулсан түлшээ хэрэглэж хэвшсэн хойно, найман халуун амь нүүрс төрөгчийн дутуу ислийг мэдэрч чадаагүйн улмаас хорвоог орхисны дараа, удтал яригдсаны эцэст иргэдийн гарт хүрч буй энэ төхөөрөмжийг гэр хорооллынхон нэг хэсэг нь сайшааж хүлээн авч буй бол нөгөө хэсэг нь асаах ч үгүй авдар дээрээ тавьчихаж байгаа харагдана.

 

“Энэ нь ажилладаг юм уу” гэж саваагүйтсэн нэг нь тамхины утаагаа төхөөрөмж рүү үлээвэл аюулын дохио хангинаж, улаан гэрэл нь ойр ойрхон анивчиж байна. Ямартай ч аюул нүүрлэхэд амь аврах эд аж.

 

Харин гэр, сууцаа эзгүй орхиод хэд хоногоор алс явахдаа төхөөрөмжийн зайгаа салгаж унтраагаад гарахыг албаныхан зөвлөв.

 

Төхөөрөмжийг суурилуулах байршил: Унталгын өрөө, коридор, шатны төгсгөл, подвал зэрэг олон давхар байшингийн давхар бүрт төхөөрөмжийг суурилуулахыг зөвлөж байна. Хэрэв танд нэг төхөөрөмж байгаа бол түүнийгээ унталгын өрөөндөө суурилуулаарай. Унталгын өрөөнөөс өөр газар суурилуулсан тохиолдолд унталгын өрөөнд дуут дохио сонсогдож байгаа эсэхийг шалгаарай. Төхөөрөмжийг өрөөний голд таазанд доош харуулж суурилуулбал өрөөний бүх хэсгийг мэдрэх боломжтой болох бөгөөд таазанд суурилуулахдаа хажуугийн хананаас хамгийн багадаа 10 см зайд, хананд суурилуулбал таазнаас доош хамгийн багадаа 10 см, хамгийн ихдээ 30.5 сам байх ёстой.

 

Эсгий гэрт бол тоонноос доош 30 см зайд багана эсвэл унинд суурилуулна.

 

Төхөөрөмжийг суурилуулж болохгүй байршлууд:

 

Гарааш, гал тогоо, зуухны өрөө, угаалгын өрөөнд төхөөрөмжийг суурилуулж болохгүй.

 

Төхөөрөмжийг зуухны ойролцоо буюу дээр байрлуулж болохгүй.

 

Нойтон чийгтэй газар байрлуулж болохгүй.

 

Утаа мэдрэгчийг будах эсвэл шингэн зүйлд хүргэхээс сэргийлнэ.

 

Чийглэг болон температур хэт өндөр байх нь төхөөрөмжийн мэдрэмтгий байдалд нөлөөлдөг тул халуун эсвэл нээлттэй байдаг хаалга, цонхны дэргэд байрлуулах нь тохиромжгүй. Целсийн 4 градусаас хүйтэн, 37 градусаас дулаан газарт суурилуулж болохгүй.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ami taslakh khar utaag khukh bolgoson Khiliin bodistoi tulsh ch olon ersdel avchirlaa daa
2020-01-15