"Хүү ирнэ биз" гээд хүлээж суугаа аавдаа очоорой
2020-03-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Жилийн 365 хоногт Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Эх үрсийн баяр гээд бүсгүйчүүдэд баярлах өдөр цөөнгүй. Харин “эрчүүдийнх” гэх тодотголтой, тэдний өмчирхдөг ганц  өдөр нь магадгүй өнөөдөр байх.

 

Эмэгтэйчүүдийн баяр хичнээн нижгэр болдог билээ дээ. Хэд хоногийн өмнөөс л худалдааны газрууд гутал, хувцас, чихэр шоколадандаа хямдрал зарлан, чамин боодолтой сарнайн хачин тансаг үнэр хамар цоргиод л. Тэгтэл эрчүүдийн баяр дөхөхөд “Умс, гятай” хямдарсан гэх. Сарнай нь хүртэл ээжүүдийнх шиг тансаг, чамин биш, дотуур хувцасаар эсвэл оймсоор “хөөрхөн” сэтгээд хийчихсэн байх. Түүнийг нь бүсгүйчүүд дуу нэгтэй сайшаах. Ерөөс аавууд, хөөрхий эрчүүдийн бэлэг нь хүртэл ийм бүдүүн хатуу.

 

Бэлэгнээс өмнө баярлах эрхтэй үгүй нь бас бүрхэг. “Цэрэгт яваагүй” гэх тодотголоор чимээгүйхэн өнгөрөөж байгаа эрчүүд цөөнгүй. Алба хаасан хэд нь энэ л өдөр тосолж өмссөн бакал, тордож гоёсон дүрэмтээ эргэн санаж, элэг зүрхнээсээ эрхгүй нэг л огшдог.

 

Аав минь гурван жилийн цэргийн алба хаасан даруухан алдраараа онгирох дуртай. Үргэлж биш л дээ, гуравдугаар сарын 18-нд л ингэж баярлана. “Олон аавын хөвгүүдтэй” гэж яриа дэлгэхээрээ 1970 онд эргээд оччихов уу гэлтэй харц нь золтой, царай нь цогтой болчихно. Аавыгаа ингэж баярлахыг хараад “Аахаан тэгээд...?” хэмээн ярианд нь дэм нэмэхээр тэртээх он жилүүдийн цээжиндээ багтаж ядсан ааг омог нь амтагдах шиг болж, өндөлздөгсөн. Тэгснээ гэв гэнэтхэн будант орчлонгийн нугачаанд бууралтсан санчигаа дурамжхан илбээд  “Залуу нас сайхан даа” хэмээн санаа алдана. Аав шиг минь эр цэргийн алба хаасан олон эрчүүд энэ өдөр ингэж нэг хөөрдөг байх.

 

Өнөөдөр дэлгүүрийн лангуунд худалдаагдаж буй тансаг цэцэгсийн борлуулалт нэмэгдэхгүй. Бас чихэр шоколадны гүйлгээ ч ээжүүдийн баярынх шиг огцом өсөхгүй нь мэдээж. Гэвч "Очсонгүй гээд аав ямар гомдох биш" гэлгүй гүдс шулуухан зангаар гүндүүгүй инээвхийлээд “Хүү ирнэ биз” хэмээн хүлээж суугаа аавдаа өнөөдөр нэг очоод ирээрэй.

 

Түүнд цэцэг, сарнайн аль нь ч хэрэггүй. Харин түүний оронд “Хайртай шүү” гээд сэтгэл зүрхнээсээ хэлчихвэл “хагартлаа” баярлах биз. Өнөөдөр энгийн мөртлөө эгэлгүй, хүнээрээ мөнөөрөө, сэтгэлээрээ амьдарч яваа аавууддаа хүндэтгэл үзүүлэх өдөр.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мөн ч их санаж байна даа сайхан аавыгаа, аав минь байхад гэр минь дүүрдэг байсан аав минь байхад сэтгэл дүүрэн аав минь байхад айх айдасгүй байдаг байсаан би гэвч бурхан надаас аавыг нь нэг л өдөр аваад явсан тэр аймшигт өглөө би мартахгүй... Миний аав үргэлж сэтгэл зүрхэнд минь байдаг... Аавдаа би хайртай... Аавтай хүн бүр аавыгаа хайрлаж яваарай манайхаан ахиж хэзээ ч бидэнд заяахгүй Амьд бурхад юм шүү ижий аав гэдэг... Аавгүй 2 намар, 2 хавар, 2 зун, 2 өвлийг би үзсээн... хэцүү шүү хэцүү... Ижий аавтайгаа хамт өтлөх хамт байх жаргал энэ хорвоод байхгүй... Ааваа охин нь таньдаа хайртай шүү мааш их таныгаа санаж байна ААВАА.Аавдаа хурдхан очоорой сайхан бүсгүйчүүд, залуучууд минь
2020-03-18
Монголын бүх сайхан эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе
2020-03-18