COVID-19: Индонез хорио зөрчигчдийг "хий үзэгдэл"-ээр айлгаж байна
2020-04-15

Дэлхий даяар цар тахал дэгдэж, олон улс оронд хөл хорио тогтоож байгаа энэ үед хорио цээрийн арга хэмжээг мөрдүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Ихэнх оронд хөл хорио зөрчвөл торгох, тодорхой хугацаагаар хорих зэргээр хуулийн хариуцлага ноогдуулж байгаа бол Индонезэд нэгэн хачирхалтай арга хэрэглэж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Индонез улсын Кепух тосгоны эрх баригчид нутгийн оршин суугчдыг айлган, гэрт нь суулгахын тулд хий үзэгдэл шиг хувцасласан сайн дурынхны тусламжийг авах болсон гэнэ. 

 

Индонезийн ардын аман зохиолд нөгөө ертөнц рүү хүрч чадаагүй талийгаачийн сүнс нь "поконг" гэх хий үзэгдэл болдог гэж өгүүлдэг аж.

 

Ройтерс агентлагийн сэтгүүлчид энэ тосгонд очиж, "поконгууд" хэрхэн нөлөөлж байгааг сурвалжилсан бөгөөд сэтгүүлчдийн өгүүлснээр нутгийн захиргааныхны энэ арга төсөөлж байснаас огт өөр үр дүнд хүрсэн гэнэ. Хүмүүс "хий үзэгдэл"-ийг харахаар гэрээсээ гарч ирэх нь улам ихэсчээ. 

 

Улмаар "хий үзэгдлүүд" огт төсөөлөөгүй үед, санаанд оромгүй газарт гэнэт гэнэт гарч ирэх болсноор төлөвлөгөө хэрэгжиж, хүмүүс гудамжинд холхих нь багассан гэж нутгийн оршин суугч ярьжээ. 

 

"Гудамжинд поконгууд гарч ирэх болсноос хойш хүүхдүүд, томчууд гэртээ л байх болсон. Үдшийн мөргөлөөр гадаа цуглахаа больсон" хэмээн нутгийн оршин суугч Карно Супадмо сэтгүүлчдэд ярьжээ. 

 

Мөн вирус үхлийн аюултай гэдгийг хүмүүст шууд харуулж байгаа тул "хий үзэгдлээр айлгах" санаачилга зорилгодоо хүрсэн гэж нутгийн нэгэн сүмийн хамгаалагч ярьсан байна. 

 

Ийнхүү гудамжинд "хий үзэгдэл харуул" ажиллуулах санаачилгыг цагдаагийнхантай хамтран ажиллаж байсан залуучуудын байгууллага гаргажээ. 

 

"Бид шинэлэг, өвөрмөц арга хэрэглэхээр шийдсэн. Поконгийг сонгон авах болсон нь үүнээс хүн бүр айдагтай холбоотой" хэмээн Залуучуудын байгууллагын тэргүүн Анжар Панканингтяс Ройтерсын сэтгүүлчид ярьжээ. 

 

Энд дуулгахад, хүн амдаа COVID-19 вирусийн аюулын талаарх сануулга өгөхийн тулд содон арга хэрэглэж байгаа улс нь ганцхан Индонез биш юм. 

 

Тухайлбал Энэтхэг улсад цагдаагийн зарим ажилтнууд хүмүүст COVID-19 вирусийн талаар сануулахын тулд вирусийг дүрсэлсэн дуулга өмсөх болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин