Т.Гантогтох: Өнөөдрийг хүртэл 1700 тонн нөөцийн махыг борлуулаад байна
2020-04-17

 

ХХААХҮЯ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран нөөцийг махыг худалдаанд нийлүүлж байна. Зах зээл дээр махны ханш өссөөр байгаа энэ үед иргэдэд хямд үнээр худалдаалагдаж буй махыг илүү авч байна. Тиймээс нөөцийн махны нийлүүлэлтийн талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Гантогтохоос тодрууллаа.

 

-Нөөцийн махны борлуулалт хэр байна вэ?

 

-Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар” аян гэж зарлаад хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд нөөцийн махыг иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан гаргадаг. Энэ жилийн хувьд 12 мянга гаруй тонн махыг  бэлтгэсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан Ажлын хэсэг худалдан борлуулах, хяналт тавих үүргийг зохион байгуулан хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ оны нөөцийн мах гуравдугаар сарын 11-ний өдрөөс нийслэлийн есөн дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр борлуулагдаж байна. Өнөөдрийн байдлаар 1727.0 тонн махыг борлуулаад байна. Махны үнийн тухайд  нэг килограмм үхрийн махыг 7700, хонины махыг 6700, ямааны махыг 6200 төгрөгөөр тус тус борлуулж байгаа.

 

-Иргэдийн зүгээс нөөцийн үхрийн мах эрэлттэй байна гэж байгаа. Үхрийн махны нийлүүлэлтийг нэмэх боломжтой юу?

 

-Аж ахуй нэгжүүд өдөр  бүр худалдаалах хүнсний дэлгүүрүүдэд хүргэлт хийдэг. Худалдаалах хүнсний дэлгүүрийн хөргөгчийн багтаамжнаас нь шалтгаалаад дээд тал нь 289 кг мах хүргэгдэж байна. Нөөцийн мах бэлтгэж байгаа аж ахуй нэгжийн махны нийлүүлэлт дээр хувь хэмжээг тогтоож өгдөг. Энэ нийлүүлэлтийн тоог гаргахдаа  малын сүргийн бүтцийг үндэслэн, тооцоолол хийж  гаргадаг. Жишээ нь: 1000 тонн мах бэлтгэлээ гэхэд хорин хувь  нь үхрийн мах, гучин хувь нь ямааны мах, тавин хувь нь хонины мах гэх зэргээр. Гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд төрөл тус бүр дээр нь заагдсан хувь хэмжээний дагуу нийлүүлдэг.

 

-Нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуй нэгжүүдийг яаж шалгаруулдаг вэ? Тендер зарладаг уу?

 

-Аж ахуй нэгжүүд арилжааны банкнаас зээлээ авдаг. Арилжааны банкны эх үүсвэр дээр махаа бэлтгээд борлуулаад явж байна. Харин төрөөс зээлийн хүүгийн хөнгөлөлтийг олгоод явдаг. Мөн өөрийн хөрөнгөөр мал, мах бэлтгэж, тухайн арга хэмжээнд оролцож буй аж ахуйн нэгжүүд байгаа. Өөрөөр хэлбэл,  ямар ч хөнгөлөлт эдлэхгүйгээр мал, мах бэлтгэж, худалдан борлуулж байгаа.  Мах экспортлодог гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хэмжээний махыг дотоодын зах зээлд борлуулж байна.

 

-Хэдэн аж ахуй нэгж нөөцийн мах нийлүүлж байна?

 

-Одоогоор 40 гаруй аж ахуй нэгж нөөцийн мах нийлүүлж байна. 

 

- Нөөцийн махны борлуулалтад хяналт тавьдаг уу?

 

-Нөөцийн махны худалдааг И-баримтын системтэй холбосон. Тиймээс хир хэмжээний мах худалдаалж байна гэдгийг татварын байгууллага, мөн худалдан борлуулах хяналт тавих үүрэг бүхий Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна. Уг ажлын хэсэгт ШӨХТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн үйлдвэр, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн мал эмнэлгийн газар,  Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, Махны холбоо  бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан.  Ажлын хэсэг болон аж ахуйн нэгжүүд долоо хоног бүр хуралдаж, ажлын явцын талаар мэдээлэл солилцож, үүнээс үндэслэн Ажлын хэсгийн дарга үүрэг, чиглэлийг  өгч, биелэлийг ханган ажилллаж байна. Зөрчил гарсан даруйд нь хяналт тавиад арилгуулах арга хэмжээг авч ажилладаг. Бэлтгэн нийлүүлж буй аж ахуй нэгжүүд стандартын шаардлага хангасан агуулахад  махаа хадгалж байна. Худалдаанд гарахаас өмнөх  явцын  шалгалтуудыг хяналт шалгалтын байгууллагууд байнга хийж байна.

 

-Нийслэлд өдөрт хичнээн тонн нөөцийн мах нийлүүлж байна вэ? Энэ нь хүрэлцээтэй гэж үздэг үү?

 

 Хүнсний дэлгүүрийн хөргөгчийн багтаамжаас шалтгаалан дээд тал нь 289 кг махыг өдөр бүр бэлтгэн нийлүүлэгч ажй ахуйн нэгжүүд хүргэж өгч байнаа. Өдөрт жижиглэн, савласан 30-60 тн махыг хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлж байна.  

 

-Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг ямар журмаар шалгаруулдаг вэ?

 

Энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг даргын захирамжаар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт дээр дурдсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон тул хууль тогтоомжийн дагуу холбогдох шалгуур үзүүлэлтийн дагуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр оролцох хүсэлттэй аж ахуйн нэгжүүдэд урилга, зар  хүргүүлсэн. Махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжүүд холбогдох баримт бичгийг бүрдүүлж ирүүлсэн. Ирүүлсэн баримт бичигт ажлын хэсэг ажиллаж, шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүдийн нэрсийг арилжааны банк руу хүргүүлдэг.   Арилжааны банк тухайн аж ахуй нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу судлан зээл олгох шийдвэрээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлж, бид бүхэн гэрээ байгуулан ажиллаж, мал, махаа бэлтгэсэн. Ийм байдлаар зохион байгуулан ажилладаг.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин