Ким Жон Уны биеийн байдлын талаарх мэдээллийг Трамп няцаав
2020-04-24

Сүүлийн үед дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны биеийн байдал муу байгаа, зүрхний хагалгаанд орсон, тэр бүү хэл нас барсан гэсэн мэдээлэл гарах болсон. 

 

Ким Жон Ун хаачив?

Харин энэ мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп няцаажээ. Тодруулбал, Америкийн зарим хэвлэлүүдээр гарсан, БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Уны биеийн байдал муудсан талаарх мэдээлэл үнэн бодит байдалд нийцэхгүй хэмээн пүрэв гаригт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр Трамп мэдэгдсэн байна. 

 

"Энэ нь ташаа мэдээлэл гэж би бодож байна. CNN ташаа мэдээлэл нийтэлсэн, тэд хуучин баримтууд ашигласан гэж сонссон" хэмээн Дональд Трамп мэдэгджээ. 

 

Өмнө нь, дөрөвдүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны орлогч дарга, генерал Жон Хайтен мэдэгдэл хийхдээ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны биеийн байдлын талаарх мэдээлэл Пентагонд байхгүй хэмээн онцолж байлаа. Мөн тэрбээр зэвсэгт хүчнээ хянах боломжгүй болсон гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Энд дуулгахад, Хойд Солонгосын тэргүүний биеийн байдал муудсан байж болзошгүй талаарх мэдээллийг CNN агентлаг дөрөвдүгээр сарын 21-ний өдөр цацаж байв. Мэдээллийг дамжуулахдаа АНУ-ын захиргаанаас авсан эх сурвалжаар Ким Жон Ун зүрхний мэс засалд орсон хэмээн онцолж байлаа.

 

Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 11-нээс хойш олны өмнө гараагүй бөгөөд өвөө Ким Ир Сенийхээ 108 насны ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцоогүй нь ийнхүү түүний талаарх төрөл бүрийн таамаглал гарах нөхцлийг бүрдүүлсэн юм.

 

Пентагон: Ким Жон Ун цөмийн болон зэвсэгт хүчнээ удирдсан хэвээр байгаа

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин