COVID-19: Олон улсын сургамж ба Монгол Улс
2020-04-27

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс "Ковид-19”: Олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага" сэдвээр 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар судалгаа хийснийг shuud.mn цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад  "Ковид-19: Олон улсын сургамж ба Монгол Улс" бүлгийг хүргэж байна. 

 

“Ковид-19” хүн төрөлхтөнд шинэ сорилтыг авчирлаа. Энэхүү сорилтын дараах дэлхий ертөнц ямархуу нөхцөл байдалтай байх бол хэмээх асуулт олон улсын эрдэмтдийн дунд мэтгэлцээний гол сэдэв болоод байна. Хэдийгээр бүх улс орон яаралтай арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгаа ч дангаараа өөрийн орны асуудлыг шийдвэрлэх хангалттай нөөц бололцоотой улс орон, Засгийн газар, хамтын нийгэмлэг өнөө хэр тун цөөн байгаа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байна. “Ковид-19”-ийн аюул дэлхийн эдийн засагт анх нүүрлэж эхлэх үеэс л энэхүү цочрол нь "түр зуурын" эсвэл "урт хугацааны" байх эсэх талаар олон улсын эдийн засагчдын дунд маргаан дагуулах болсон билээ. 


Зарим эрдэмтэд өнөөдрийн өрнөж буй бодит нөхцөл байдлаас дүгнэлт хийн дэлхийн эдийн засаг урт хугацааны хямрал цочролд орох магадлал өндөр байна гэж үзсээр байна. Тэдгээр эрдэмтдийн санааг хамгийн ихээр зовоож буй асуудал нь “Ковид-19”-ийн дараах олон улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдал илүү эмзэг, илүү хуваагдалтай болох магадлал ажиглагдаж, бүрэн сэргэж, хэвийн байдалдаа хүрэхэд хэдэн жилээр тоологдох хугацаа шаардлагатай ч байж мэдэхийг дурдах боллоо.


Гэвч нөгөө талаар хүн төрөлхтөн тодорхой түүхэн давтамжтайгаар дэлхийн хэмжээний гамшиг хямралтай нүүр тулсаар ирснийг зарим эрдэмтэд сануулаад XX зуун, ялангуяа Дэлхийн II дайны үед гарч байсан эвдрэл сүйрэлтэй харьцуулахад “Ковид-19”-ийн өнөөгийн хор хөнөөл өчүүхэн болохыг ч дурджээ. Иймд уг вирусээс үүдэлтэй хямралаар шалтаглан даяаршлыг хумих, сааруулах үр дагавар үүсвэл энэ нь вирусээс бус харин улс төр, бодлогын хариу урвалын үр дагавар байх болно гэдгийг анхааруулж байна.


Юутай ч энэхүү тайланг бэлтгэх явцад олон улсын эрдэмтдээс санал нэгтэй хийж буй дүгнэлт нь цар тахлын аюул хөгжиж буй орнуудад шилжсэн нөхцөлд ихээхэн хохиролтой байх тухай дурдсан явдал юм. Иймд, Монгол Улсын хувьд гол сорилт эхлэх болоогүй ч байж мэдэхээр байгаа бөгөөд бид огт тайвшрах, сэтгэл амрах болоогүй байгааг дор бүрнээ анхаарах хэрэгтэй юм.


Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч АНУ, БНХАУ, ОХУ, Европын Холбоо зэрэг хүчирхэг гүрнүүд бодит мэдээллийг ард иргэддээ хүргэхгүй байснаас, эсвэл улс төржилт, үл тоомсорлолт байснаас өнөөдөр нөхөж баршгүй гамшигтай бодитоор нүүр тулаад байна. 


Иймд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх, “хуурамч мэдээлэл” тараах нь өөрөө үхлийн аюултай болохыг дээрх хөгжлөөр тэргүүлэгч орнуудын гашуун туршлага сануулсаар байна. Энэхүү цар тахлын дараа  дэлхий нийтээр шинжлэх ухааныг дэмжих талаар аль ч цаг үеэс илүү нэгдмэл дуу хоолойтой болох нь нэгэнт тодорхой байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанд суурилсан зөв мэдлэг, мэдээлэл л энэхүү гамшгаас хохирол багатай гарах суурь нөхцөл болох юм.


“Дайны хажуугаар дажин” хэмээн монголчууд бид хэлэлцдэг билээ. Хямралын энэ үе нь олон улсад хуйвалдаан, ялгаварлан гадуурхалт, амин хуваах хичээх, хэт даврагч үзлийг өдөөн буй бий болгосоор байна. Шашны гаж буруу урсгалууд өвчний халдварыг санаатай тархаах, хорлон сүйтгэх ажиллагааны талбар болгох тухай уриалга гаргаж байгааг АНУ-ын эрдэмтдийн холбогдох илтгэлд дурдсанаас харж болно. 


Юваль Ноа Харари “Коронавирусийн дараах дэлхий ертөнц” нийтлэлдээ “Хүн төрөлхтөн дэлхий нийтийг хамарсан хямралтай нүүр тулаад байна. Бүр манай үеийн хамгийн том хямрал. Энэ хэдэн өдрүүдэд хүмүүс хийгээд Засгийн газруудын гаргах шийдвэр ирэх жилүүдэд дэлхий ертөнц ямар байхыг тодорхойлох болно. Энэ шийдвэрүүд бидний эрүүлийг хамгаалах тогтолцоог төдийгүй манай эдийн засаг, улс төр, соёлыг тодорхойлно. Бид түргэн, бас шийдэмгий хөдлөх ёстой. Бидний үйлдэл урт хугацааны үр дагавартай гэдгийг тооцох хэрэгтэй. Сонголт хийхдээ зөвхөн энэхэн зуурын аюул заналыг даван туулахаа төдийгүй “гай гамшиг” өнгөрсөн хойно ямархуу дэлхийд амьдрахаа бас эргэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Тийм ээ, энэ гай гамшиг өнгөрнө, хүн төрөлхтөн даваад гарна, бидний ихэнх нь эсэн мэнд үлдэнэ, гэхдээ бид өөрчлөгдсөн дэлхийд амьдрах болно”  гэжээ.

 

“Ковид-19”-ийн улмаас дэлхийн олон оронд тулгарч буй асуудлууд Монгол Улсад ч мөн адил бэрхшээл сорилтыг дагуулсаар байна. Энэхүү шинэ сорилт нь эдийн засаг, улс төр, нийгэм, хүмүүсийн аж төрөх хэв маягт ихээхэн өөрчлөлт нөлөө үзүүлэх нь тодорхой болж байна. Тухайлбал, эдийн засгийн салбарт жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол үүсэж, дампуурах эрсдэлийг бий болгосоор байна. Тэр дундаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид орлогогүй болсноор санхүүгийн бэрхшээлд орох өндөр эрсдэлтэй байна. Гадаад худалдаа эрдэс баялаг, түүхий эдийн экспорт хумигдаж, улсын төсвийн орлого буурч төсөвт дарамт учрах нь тодорхой боллоо. 


Улс төрийн салбарт гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлуудыг бүрэн хянаж, вирусийг устгаж эс чадваас халдвар дотоодод тархаж, Онцгой комисс, Засгийн газрыг шүүмжлэх байдал газар авч, улс төрийн тогтворгүй байдал үүсэх магадлалтай. Иймд, халдварыг дотоодод тархаахгүйгээр өнөөгийн амжилтаа цаашид хадгалж чадах эсэх нь манай улсын хүн амын эрүүл мэнд, нийгмийн тогтвортой байдлыг хангахад шийдвэрлэх хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. 


“Ковид-19”-ийн нөлөө богино болон дунд хугацаанд Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь их байх боловч урт хугацаанд гадаад улс төрийн орчинд нөлөөлөх нөлөөлөл их байх талтай байна. Манай улсын худалдааны гол түнш БНХАУ “Ковид-19”-ийн тархалтыг хяналтдаа оруулж чадсан нь голлох уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн ч 2020 оны эхний хоёр сард саатсанаас шалтгаалж, 2020 оны улс төсвийн орлогын төсөөлөл хэрэгжих магадлал бага байна. Үүнээс гадна “Ковид-19”-оос шалтгаалан ноолууран бүтээгдэхүүний экспорт борлуулалт буурч, удахгүй сезоны улирал нь эхлэх аялал жуулчлалын салбар бүрэн зогсолт хийх эрсдэл тулгарч байна. 


Манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “Дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ”  хэмээн заасан байдаг. Харин “Ковид-19”-тэй холбоотойгоор дангаарших үйл явц хурдсаж, дэлхийн нөлөө бүхий орнуудын хооронд зөрчил даамжирч, их гүрнүүд өөрийн эрх ашгийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс дээгүүр тавьж, олон улсын байгууллагын байр суурь буурч байгаа нь манай улсын гадаад улс төрийн орон зайг багасгаж, аль нэг нөлөө бүхий улсыг сонгох шахалтад орох, бусдаас хэт хамааралтай болох эрсдэлийг нэмэгдүүлж мэдэхээр байна.


Монгол Улсын хувьд хорио цээрийн хатуу биш боловч дэглэм мөрдөгдөж эхлээд 100 гаруй хонож байна. Хятад гэх мэт улсууд шиг хүн болгоны хөдөлгөөн бүрийг тандаагүй ч энэ байдлаараа хорио цээр үргэлжлэх нь зөв эсэх, үр дагавар ямар байх талаар судлагдсан зүйл харьцангуй бага байна.


Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс цаг тухайд нь тууштай, шийдэмгий авч хэрэгжүүлсэн нь маш ухаалаг, зөв алхам болсон бөгөөд ард иргэдийн зүгээс ч төр засгаас өгч байгаа зөвлөмжийг ухамсартай, хариуцлагатайгаар даган биелүүлж байгаа нь өнөөгийн нөхцөл байдлыг харьцангуй дээр байлгаж байгаа гол хүчин зүйл болж байна. Гэвч бид тайвшрахад маш эрт байна. 


Өнөөдөр хилийн чанадад байгаа монгол иргэд маш аюултай нөхцөл байдалд байна. АНУ-аар жишээлэн авч үзвэл, ажилгүйдлийн төвшин дээд цэгтээ хүрч, зөвхөн гэрээс ажиллах боломжтой энэ үед цагаач буюу хараар эсвэл үйлчилгээний ажил хийдэг хүмүүс цагаан арьстай хүмүүсээс нэг дахин өвчинд өртөж байгаа талаарх судалгаа ч байна. 


Энэ байдал нь манай улсын олон зуун мянган иргэн гадаад улс орнуудад оршин сууж, ажиллаж амьдарч байгаагийн хувьд санаа зовоох сэдэв яахын аргагүй мөн. Учир нь манай улсын олон мянган иргэд тухайн орондоо оршин суух бичиг баримтгүй буюу “хараар” байгаа амьдарч байна. Тэдгээр иргэд маань тухайн улсын иргэдтэй адил дэмжлэг авч чадахгүй, эрүүл мэндийн даатгалгүй байна.  


Гадаадад байгаа монголчуудад “Ковид-19” цар тахлын үед ажил олдохгүйгээс байрны түрээсээ төлж дийлэхгүй болох, хүнсний хомсдолд орох, ялгаварлан гадуурхалд өртөх, сэтгэл санааны дарамтад орох зэрэг асуудал сорилттой тулгарсаар байна. Энэ байдал хэдэн сар, жил үргэлжлэх нь өнөөдөр хэнд ч тодорхой биш байна гэж судлаачид үзэж байна. Иймд хилийн чанадад байгаа монголчууддаа цар тахлын үед хэрхэн хамгаалах талаар үндэсний хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, төр засгаас эхлээд ард иргэд хүртлээ бүх нийтийн оролцоотой аян өрнүүлж, туслалцаа үзүүлэх нь хойшлуулшгүй зорилт байх ёстой. 


Дэлхийн санхүүгийн зах зээл, газрын тосны үнийн огцом уналт зэргээс ам.долларын ханш улам чангарч байгаа нь дэлхийн ихэнх улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.  Энэ үзэгдэл Монгол Улсын хувьд ч сөргөөр нөлөөлөх магадлалтай. Иймд мөнгөний бодлогоор мэргэшсэн судлаач, эдийн засагч нар уг асуудлыг нарийвчлан судалж, гарч болох эрсдэлийг эртнээс тооцоолох шаардлагатай болж байна.


Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд дотоодын тархалт эрс нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмэгдүүлж, эмнэлгийн техник хэрэгсэл, үйлчилгээ хүрэлцэхгүй болох, эмч, эмнэлгийн ажилтан нар халдвар авах, эмнэлгээс халдвар дамжин алдагдах зэрэг ноцтой асуудлууд дагуулж байгааг анхаарч энэхүү орнуудын сургамжаас бид онцгойлон суралцах шаардлагатай байна.


Гэвч нөгөө талаар “Ковид-19” цар тахлын сорилт хүн төрөлхтөнд нөхцөлийг тулгаж байгаа тухай, хүндрэл бэрхшээлийг бид өөрөөр харж, түүнээс зарим боломжийг олж харах нь чухал байгааг тэмдэглэсээр байна. ДХБ-ын гишүүн орнууд хилээ хаасантай холбогдуулан дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөл үүсэж болох юм.

 

Мөн төрийн үйлчилгээг илүү ухаалаг, цахим хэлбэрт оруулах, мэдээлэл, технологийн салбарт хөрөнгө оруулалт түлхүү хийх хэрэгцээг энэхүү сорилт улс орон бүхний өмнө авчирлаа. Иймээс монголчууд бид цар тахлын улмаас өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд дасан зохицох, цаашид нарийн төлөвлөгөө боловсруулж эхлэх, харин ч энэхүү нөхцөл байдлыг өөрт давуу тал болгон ашиглах талаар эртнээс бодож эхлэх нь зүйтэй болов уу. 


Үүний тулд, БНСУ болон дэлхий нийтээр хэрэглэж буй “Ухаалаг ажил”-ыг шат дараатай хэрэгжүүлэх нэн шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр түгжрэлийг арилгах, түгжрэлд зарцуулагдаж буй ажлын байранд ирж очих 2-3 цагийг хэмнэх, тахал газар авахаас сэргийлэх, дэвшилтэт технологийг эзэмшиж сурах зэрэг нөхцөлийг үүсгэж байна.


Өнөөгийн шинэ сорилтын нөхцөлд мөнгөтэй, технологитой, хүн ам ихтэй, хүчирхэг, хөгжингүй байдал нь аюулгүй байдлыг бүрэн хамгаалах нөхцөл болж чадахгүй нь нэгэнт батлагдаж байна. Харин дэгтэй журамтай, сахилга баттай, нэгдмэл үзэл санаатай, тэвчээртэй байдал нь юу юунаас илүү чухал гэдэг нь улс орнуудын туулсан гашуун жишээнээс харагдсан билээ.

 

I.ОУХХ: "Ковид-19”: Олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага" 

II.COVID-19: Нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт тулгарч буй сорилт

III.Цар тахлын дараах олон улсын нөхцөл байдал

 

Эх сурвалж: Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн 


 

Shuud.mn
Сонин хачин
Генийн тухай энэ өвчний тухай мэдээллүүдийг сонсоод хувьдаа нэг дүгнэлт хийсэн. Цагаач иргэд, аливаа эрлийз цус холилдсон хүмүүс хамгийн их өвчинд өртдөг. Цагаач иргэд төрсөн газар нутагтаа амьдраагүй учраас өвчин тусах эсвэл өвдвөл хүндрэх магадлал их. Эрлийз хүмүүс мөн цус холилдоод 50.50 харьцаатай гэхэд өвөг дээдсийн эсвэл аль харьцаа давамгайлснаас хамаарч өвчин тусах өвдвөл хүндрэх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл өөр үндэстэнтэй цус холилдохгүй, өвөг дээдсийн төрсөн газар нутагтаа амьдрахад дархлаа маш сайнаас гадна үр хүүхэд үр удам нь илүү амьдрах чадвартай олон үе амьдрана гэж ойлгосон. Тиймээс даяаршил өөрөө хүн төрөлхтнийг багасгаж байна. Дангаараа үндэстнээрээ байх нь аль аль үндэстэн зөв оршин тогтнох үндэс.
2020-04-28
маш сайн дүгнэсан байна. Танай сайтад ажлын амжилт хүсье
2020-04-27