ОХУ: Цар тахлын үеэр нас барсан эмнэлгийн ажилтнуудын жагсаалтыг гаргажээ
2020-04-28

Дэлхий даяар тархсан аюулт өвчинтэй тэмцэхэд тэргүүн эгнээнд зогсож буй эмнэлгийн ажилтнууд өндөр эрсдэл дунд байгаагийн дээр COVID-19 вирус болон ажлынхаа ачааллын улмаас нас барсан эмч, сувилагчдын тоо дэлхий даяар нэмэгдсээр байгаа гэсэн харамсалтай мэдээлэл өдөр бүр гарсаар байна. 

 

COVID-19 вирусийн халдварын тоогоороо Хятадыг гүйцэж түрүүлсэн ОХУ-д нөхцөл байдал хүнд байгаа талаар эмч нар мэдээлжээ. Тэд албан ёсны статистикт итгэхгүй байгаа тул цар тахлын үеэр нас барсан эмнэлгийн ажилтнуудын нэрсийг багтаасан "Дурсгалын жагсаалт" гарагсан байна. 

 

Энэ нь албан бус баримт бөгөөд даваа гаригийн байдлаар жагсаалтад 69 эмч, сувилагчийн нэр багтжээ.

 

"Эмч нар өөрсдөө жагсаалт хөтлөх болсны шалтгаан нь тун энгийн. Тэд статистикд итгэхгүй байгаа юм" Москва хотын мэдрэлийн мэс засалч Алексей Кащеев медиа.город цахим хуудсанд өгүүлсэн байна.

 

Энэ жагсаалтад вирусийн улмаас амиа алдсан Москвагийн 22 эмч болон Москва мужийн 12 эмнэлгийн ажилтан багтжээ. Нийтдээ 20 гаруй сая хүн амтай Оросын нийслэл болон нийслэл орчмын бүс нутаг ОХУ-д халдварын тоогоороо эхний хоёрт бичигдэж байгаа бөгөөд даваа гаригийн байдлаар нийтдээ 55 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Харин COVID-19 вирусийн халдвар 3238 болж,  халдварын тоогоор гуравдугаарт бичигдэж байгаа Санкт-Петербург хотод найман эмч амиа алджээ. Халдварын 994 тохиолдол бүртгэгдсэн Дагестаны Бүгд Найрамдах Улсад таван эмч нас барсан байна. 

 

Энд дуулгахад, албан ёсны мэдээллээр Орост COVID-19 вирусийн улмаас 794 хүн нас баржээ. Дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар тус улсад халдварын тохиолдол 87  мянга давсан нь Хятадын үзүүлэлтээс ч их болж, цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаж буй ес дэх орон болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин