Д.Нямхүү: Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 107 хүн ажиглалтад байгаа
2020-05-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.10/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 215 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 4,1 сая хүн халдвар авч, 280 мянган хүн нас барж, 1,4сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан.  2,3 сая хүн коронавирусээс үүдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 42 тохиолдлоос  14 иргэн эдгэрч дараагийн хяналтын шатанд шилжсэн бол  ХӨСҮТ-д 28 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 991 хүн ажиглалтад байна. Орон нутгийн 11 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн 11 эмч ажиллаж, 371 ажилтан 4350 зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийнм халдвар  илрээгүй. 119 дугаарын утсанд  156 дуудлага ирсэн байна.  119 шуурхай дугаарын аппликейшнд 26 дуудлага ирсэн бөгөөд  гадаадын таван улсаас 13 иргэн холбогдлоо.

 

БНСУ-д шинээр 34 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Сөүл хотын нийт 2100 гаруй шөнийн клуб, баарыг хаах шийдвэрийг гаргасан байна. Сингапур улсад шинээр 753 тохиолдол бүртгэгдсэн. Шинэ тохиолдлын 9 нь тус улсын байнгын оршин суугч, үлдсэн иргэд нь гадаадын цагаач ажилчид байсан байна. Тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 22 мянга гаруй болжээ. Япон улсад 114 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Шинэ тохиолдлын 36 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Тус улсын нийт тохиолдлын тоо 15700 гаруй байгаагаас эдгэрсэн хүний тоо 8700 гаруйд хүрсэн байна. Иран улсад 1529 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж нийт халдвар авсан иргэний тоо 106 мянга гаруй ба нас баралт 6500 гаруйд  хүрсэн.

 

ОХУ-д 10800 гаруй  тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо198600 гаруйд хүрч, 104 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. ХБНГУ-д 1251 тохиолдол шинээр бүртгэгдэж,нийт халдварын тоо 168500 гаруй болсноос 143 мянга гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол шинээр 103 нас баралт шинээр  бүртгэгджээ. Нийт нас баралтын төвшин  4,4 хувь болсон аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторит 397 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээг задалж хэлбэл тандалтын зорилгоор Улсын III төв эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс авсан 5 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49, ажиглах байранд тусгаарлагдсан 282, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 7, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн энэ тоонд  дөрөвдүгээр сарын 30нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ орсон. Дархан-Уул аймгийн салбар лабораторит Алтанбулаг боомтоор орж ирсэн 36 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, эмчилгээнд байгаа гэв.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин