ОХУ ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ
2020-06-09

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөдөлмөрийн зах зээл дээрх нөхцөл байдлын талаарх зөвлөгөөний дүнгээр ажлын байр хайх болон сул орон тооны зар байршуулах интернет порталыг бий болгох үүргийг засгийн газартаа өгчээ.

 

"Ажил эрхлэлтийн салбарт ажлын байр хайх, сул орон тооны зар оруулах, тэр дундаа улирлын чанартай, түр хугацааны ажлын байрны зар оруулах боломжийг иргэд болон байгууллагуудад хангаж өгсөн нэгдсэн мэдээллийн санг цахим орчинд бий болгохтой холбоотой асуудлыг боловсруулахыг ОХУ-ын Засгийн газарт үүрэг болгож байна" хэмээн Владимир Путин мэдэгджээ. 

 

Түүнчлэн, ажил эрхлэлтийн албаны байгууллагуудад ажилгүй гэж бүртгэгдсэн иргэдийн ажилгүйдлийн тэтгэмжийн хугацааг гурван сараар сунгах үүрэг өгсөн байна. Мөн энэ хугацаанд ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлж, 4,5 мянган рубль болгохыг үүрэгджээ.

 

Үүний зэрэгцээ, 2020 оны 12 дугаар сарын 20-ны дотор ОХУ-ын Хөдөлмөрийн хуульд оруулах өөрчлөлтийн саналыг бэлтгэхийг Мишустинд даалгасан байна. Энэ өөрчлөлт нь ажилтнуудын алсын зайн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, хөдөлмөрийн харилцааг бүрдүүлэхдээ тоон технологийг нэвтрүүлэхтэй холбоотой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин