Буриадад кафе, зоогийн газрын үйл ажиллагааг сэргээжээ
2020-06-10

Коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор хязгаарлалт тавьснаас хоёр сарын дараа Буриадад кафе, зоогийн газар, цайны газруудын үйл ажиллагааг сэргээсэн талаар Буриадын коронавирусийн халдварын нөхцөл байдлыг хянах шуурхай штаб мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

"Зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гадна талаас ордог хаалгатай нийтийн хоолны газруудыг үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрсөн. Үйлчлүүлэгчдэд хязгаарлалт тавих бөгөөд нэг ширээнд хоёроос дээш насанд хүрсэн хүн сууж болохгүй" хэмээн шуурхай штаб мэдээлжээ.

 

Нийтийн хоолны үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа сэргээхийн тулд "Работающая Бурятия" цахим хуудсанд бүртгүүлэх ёстой.  Энэ журмыг ханган ажилласан эсэх болон үйлчилгээний танхимд эрүүл ахуйн шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах ажлын хэсгүүд өнөөдөр ажиллажээ. Эх сурвалжийн мэдээлснээр, одоогоор худалдааны төвүүдэд байрлах кафе, хоолны газруудыг үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрөөгүй байна. 

 

Энд дуулгахад, Буриадын эрх баригчид тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тусгаарлалтын горимыг сулруулж эхлэн, үйлдвэрүүд, худалдааны компаниуд үйл ажиллагаагаа сэргээсний дээр оршин суугчид гадаа зугаалах, спортоор хичээллэхийг зөвшөөрсөн юм. Улмаар зургадугаар сарын нэгнээс жуулчны баазууд, дэн буудлууд нутгийн иргэд болон гэр бүлүүд захиалга өгсөн тохиолдолд ажиллаж болох бөгөөд харин группээр хийх аяллыг хориглосон хэвээр байгаа аж. Харин зургадугаар сарын хоёрны өдрөөс худалдааны төвүүд нээгджээ. 

 

Буриадад коронавирусийн батлагдсан тохиолдол 2020 бүртгэгдсэнээс 1109 нь Улаан-Үд хотод бүртгэгдсэн байна. Үүнээс 1191 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 11 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин