Цар тахлаас үүдэлтэй өлсгөлөнгийн улмаас сар бүр 10 мянган хүүхэд нас барж байна
2020-07-29

Коронавирусийн цар тахлын улмаас зарим оронд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ алслагдмал суурин, тосгонд хүрэх хүнс болон эмнэлгийн тусламжийг тасалдуулж, улмаар дэлхий даяар өлсгөлөн нүүрлэж байгаагийн улмаас сар бүр 10 мянган хүүхэд өлсгөлөнгөөс болж нас барж байгаа хэмээн Associated Press мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Буркина-Фасод таван хүүхэд тутмын нэг нь хүнс тэжээлийн дутагдалд орсон байна. Энэ улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өсч, 20 сая хүн амын 12 сая нь хүнсний дутагдалд оржээ. Өмнө нь ч нөхцөл байдал хүнд, өлсгөлөнтэй нүүр тулдаг энэ улсын иргэд гадаад ертөнцөөс тасарч, хүнсний ногоо борлуулж амин зуулгаа залгуулдаг ч одоо ийм боломж хэд дахин хумигдсан байна.

 

НҮБ-ын мэдээлснээр, сар бүр 550 мянга гаруй хүүхэд тураалд орж байгаа гэнэ. Тураалд орж буй хүүхдүүдийн тоо жилийн дотор 6,7 саяар нэмэгдэж, одоо дэлхий дээр 47 сая хүүхэд тураалд орсон байгаа аж. Коронавирусээс үүдэлтэй хямралын нөлөө олон жилийн туршид хүнсний аюулгүй байдалд нөлөөлсөөр байх болно гэж ДЭМБ-ын Хүнсний хэлтсийн тэргүүн Францеско Бранка мэдэгджээ. 

 

Эх сурвалжийн онцолсноор, Латин Америкаас эхлээд Өмнөд Ази, Африк хүртэл олон хүн хүнсний хомсдолтой нүүр тулсан байна. Судалгаанаас харахад цар тахал эхэлснээс хойш эхний 12 сарын дотор дахин 12 мянган бага насны хүүхэд амиа алдах тооцоо гарчээ. Өлсгөлөн Венесуэлд ч нүүрлэсэн бөгөөд өмнө нь хилийн чанадад гарч ажил эрхэлдэг байсан хүмүүс цар тахлын улмаас хил хаагдсан тул эх орондоо ядуурал, өлсгөлөнтэй нүүр тулсан байна. Мөн энэ улсад хөл хорионы улмаас тураалд орсон хүүхдүүдийн асрамжийн газрын үйл ажиллагаа зогссон тул хүүхдүүдийг ар гэрт нь эргүүлэн өгөхөөс аргагүй болсон бөгөөд ар гэрийнхэн нь ч эдгээр тураалд орсон хүүхдүүдийг тэжээх чадваргүй байгаа гэнэ.

 

Афганистанд зорчих хөдөлгөөнийг хязгаарласны улмаас эцэг эхчүүд тураалд орсон хүүхдүүдээ эмнэлэгт хүргэж чадахгүй байгаа аж. ЮНИСЕФ-ийн мэдээлснээр, он гарснаас хойш Афган хүүхдүүд хүнсний хомсдолд орох нь 13 хувиар нэмэгдэж, 780 мянгад хүрсэн байна.

 

Өмнө нь Оксфам олон улсын буяны байгууллага мэдэгдэл хийхдээ коронавирусийн цар тахлын улмаас өлсгөлөн нүүрлэж, үүнээс үүдэн хүмүүс олноор нас барна хэмээн таамаглаж байлаа. Энэ байгууллагын таамагласнаар коронавирусийн халдвараас илүүтэйгээр өлсгөлөн олон хүний аминд хүрч болзошгүй гэнэ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Mongold usguud ugie.
2020-07-30