Хонконг: Хэвлэлийн магнатыг шинэ хуулиар буруутган баривчилжээ
2020-08-10 11:57

Хонконгийн цагдаагийнхан хэвлэлийн магнат Жимми Лайг Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай шинэ хуулийг зөрчсөн мөн гадаадын гүрнүүдтэй үгсэн хуйвалдсан хэрэгт сэжиглэн баривчилсан талаар Лайгийн эзэмшдэг "Некст дижитал" медиагруппийн гүйцэтгэх захирал Марк Саймон мэдэгджээ. 

 

"Жимми Лай гадаадын гүрнүүдтэй үгсэн хуйвалдсан хэргээр баривчлагдсан" гэж тэрбээр Твиттер хуудсандаа бичсэн байна. Түүнчлэн цагдаагийнхан хэвлэлийн магнат болон түүний хүүгийн гэрт нэгжлэг явуулж байгаа талаар нэмж өгүүлжээ. Мөн медиагруппимйн бусад гишүүдийг саатуулсан, байцаалтанд дуудсан бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн хурлын дараа өгнө гэж Саймон мэдээлсэн байна. 

 

Өдгөө 71 настай Жимми Лай Хонконгийн хэвлэлийн магнатад тооцогддог бөгөөд сөрөг хүчний "Пинго жибао" сониныг түүний групп эрхлэн гаргадаг юм. Тэрбээр Хонконг дахь эсэргүүцлийг ихээхэн дэмждэг. Өмнө нь 2014 онд Хонконгод эсэргүүцэл дэгдэх үеэр түүнийг баривчилж байжээ. Хамгийн сүүлд Бээжинг эсэргүүцсэн арга хэмжээг дэмжсэн гэж Жимми Лайг буруутган энэ оны хоёрдугаар сард баривчилж байсан аж.

 

Эргэн сануулахад, Хятадын эрх баригчид зургадугаар сарын 30-ны өдөр Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталсан. Энэ хуулиар Хонконг эсэргүүцлийн ажиллагаатай тэмцэх өргөн цар хүрээтэй эрхтэй болсон юм. Үүнийг Хонконгийн сөрөг хүчнийхэн хүний эрх, эрх чөлөөг боомилсон, Хятадын дарангуйлалд орж байна гэж эсэргүүцдэг. 

 

Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталлаа

"Луугийн савар" дахь Хонконг

Shuud.mn
Сонин хачин