Беларус: Сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжлэв
2020-08-11

 

Беларусын Ерөнхийлөгчийн сонгууль ням гаригт болж өндөрлөсний  дараа сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал болж, улмаар энэ нь эмх замбараагүй байдал болон өрнөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Беларус: Сонгуулийн дүнг эсэргүүцэн эмх замбараагүй байдал үүсчээ


Энэ эсэргүүцлийн ажиллагаа хоёр дахь өдрөө буюу наймдугаар сарын 10-ны үдэш Минск хотноо дахин болжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, Хотын өнцөг булан бүрээс төв гудамжууд руу эсэргүүцэгчид цуглаж байсан бол хүчний байгууллагынхан оршин суугчдыг хотод нэг дор бөөгнөрүүлэхгүйг хичээн, хүмүүсийг баривчилж эхэлсэн байна. Мөн Береза, Бобруйск, Борисов, Новополоцк, Драгично хотуудад эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон хүмүүсийг олноор нь баривчилсан талаар Regnum агентлаг дамжууллаа. 

 

Жагсаал цуглааныг тараахын тулд хүчнийхэн эсэргүүцэгчдийг хийн буугаар буудаж, гэрэлт дуут гранат шидэж, нулимс асгаруулагч хий ашигласан байна.  Мөн Беларусын дотоодын цэргийн хэсгүүд болон тусгай техникүүдийг Минск хотын төвд төвлөрүүлсэн гэж ВВС агентлагийн сурвалжлагч газар дээрээс нь мэдээлсэн байна.

 

Эсэргүүцэгчид ням гаригт зохион байгуулсан шиг Ялагчдын өргөн чөлөөнд жагсаал зохион байгуулах гэсэн ч энэ бүтэлгүйтжээ. Учир нь Беларусын онцгой зориулалтын цагдаагийн отряд /ОМОН/ хэдийнэ энэ өргөн чөлөөг бүсэлсэн байна. Гэсэн ч эсэргүүцэгчид зогссонгүй, хотын төрөл бүрийн дүүрэгт бүлэглэн цугларч, хотын төв хэсэгрүү хөдөлсний улмаас хууль сахиулагчид хүч хэрэглэн тараажээ. Ийнхүү эсэргүүцэгчдийг тараах үеэр иргэд мод чулуу, шатамхай шингэнтэй лонх шидэж үймээн үүсчээ. Энэ үеэр "Наша Нива" сонин сэтгүүлч шархадсан байна. 

 


Наймдугаар сарын 10-ны үдэш болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр нэг хүн амиа алдсан талаар Беларусын Дотоод хэргийн яам мэдээллээ. Амиа алдсан хүн цагдаагийн отрядынхан руу тэсрэх төхөөрөмж шидэх гэж байгаад бүтэлгүйтэн, өөрийгөө хөнөөсөн гэж яам үзжээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр шөнийн хоёр цагаас хойш Минскийн нөхцөл байдал намжиж, хүчнийхэн эсэргүүцэгчдийг тарааж чадсан байна. 
 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есний ням гаригт Беларусын Ерөнхийлөгчийн сонгууль болсон бөгөөд энэ сонгуулиар өнөөгийн ерөнхийлөгч, 26 дахь жилдээ төр барьж буй Александр Лукашенко 81 орчим хувиар ялалт байгуулсан юм. 

 

"Европын сүүлчийн дарангуйлагч" Лукашенко 7 дахь удаагаа сонгогдов

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ard irged uursduu 81hubi sanal ugchee . Tegeed daraan yagaad eserguutseed baigaan
2020-08-11