"ИХ ХУРАЛДАЙ" : Уран сийлбэрчийн ҮГ
2020-08-19

Хэнтий аймагт “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэн олон үйл явдал өрнөсөн гэдэг. Түүхэн газар, нутгийг аялал жуучлалын бүс болгох шийдвэр 2017 оны Засгийн газрын 142 дугаар тогтоолоор гарсан. Улмаар Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх суманд Их эзэн Чингис хаан, XIII зууны үеийн түүх соёлыг харуулсан аялал жуулчлалын зургаан цогцолборыг байгуулахаар болж, бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. 

 

  1. “Их эзэн-Чингис хаан” цогцолбор
  2. “Хүлэг баатар Боорчи-Андын барилдлага” цогцолбор
  3. “Шихихутаг-Их Засаг хууль” цогцолбор
  4. “Монголын нууц товчоо” цогцолбор
  5. “Их хуралдай” цогцолбор
  6. “Монголын далд уул уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” цогцолбор

 

Үүнээс Хэнтий аймгийн Биндэр суманд баригдаж буй “Их Хуралдай” цогцолбор олны шүүмжлэлийг дагуулаад байгаа.  БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнгөрөгч долоо хоногт тус бүтээн байгуулалтын барилгын явцтай очиж танилцав.

 

МУУГЗ Д.Төртогтох тус цогцолборын зохиомжийг гаргажээ. Цогцолборын гол өргөө нь долоон давхар барилгатай дүйцэхүйц буюу 21 метрийн өндөртэй, 300 хүний багтаамжтай байх аж. Олон нийтийн сүлжээгээр үүрэн телефоны оператор компанийн сүлжээний антен байрлуулсан мэтээр ёгөөдөөд амжсан. Тэгвэл цогцолборын орой дээрх антен мэт сууринд есөн хөлт цагаан тугийг байрлуулах аж. Үүгээр Их монгол улс гал голомтоо энэ нутагт бадраасан гэдгийг аялагч, жуулчдад сурталчлах юм байна.

 

МУУГЗ Д.Төртогтох “Монгол Улсад байх хамгийн их сийлбэртэй бүтээн байгуулалт Хуримын ордон. Харин тун удахгүй хамгийн их угалз, сийлбэртэй бүтээн байгуулалтаар “Их хуралдай” цогцолбор нэрлэгдэнэ” хэмээсэн юм.

 

Мөн тэрээр “Өргөөний дотор талын ерөнхий заслыг тайлбарлавал хойд талдаа шүтээний эгшигтэй. Дээрээ мөнх тэнгэрийн бэлэгдэлтэй үндэсний хээ угалзаар бүрэн чимэглэгдсэн. Нийт 24 мянган метр квадрат хатуу модоор чимэглэсэн угалзтай. Гадна талдаа түмэн насан хээтэй. Энд Чингис хаан сууж есөн цагаан тугаа тахиж Монгол улсаа байгуулсан хэмээх утгыг бэлгэдэж Чингис хааны тамга, есөн хөлт цагаан тугыг байрлуулж Монгол Улс мөнхөд бадрах болтугай гэсэн утгыг илэрхийлнэ.

 

Жуулчид өргөөнд орж ирээд хамгийн эхэнд Их Монгол Улсын түүхийг өгүүлэх гурван метрийн урттай галлерей, музейгаар аялаад Чингис хааны дүр бүхий тахилгын байгууламжид хүрнэ. Дөрвөн баганатай талбайд цагаан эсгийгээр тахилгын талбай бий болгоно. Энд 800 жилийн өмнө асаасан гал голомт одоо ч өнө мөнх байгаа гэдгийг бэлэгшээж УИХ-ын хавар, намрын чуулганы нээлтийг зохион байгуулах бололцоотой гэж үзэж байгаа. Мөн Чингис хааны тахилга, галын ёслол гээд олон үйл явдал энд болно” гэлээ.

 

Орд өргөөний дотор талд:

 

  • Мөнх тэнгэрийн нарыг бэлгэдсэн алтан тооныг орчлонгийн босоо тэнхлэг, мөнх оршихын бэлэгдэл болох дөрвөн баганаар тулсан орон зай нь төрийн гал голомтын бэлэгдэл, ертөнцийн төв, газрын өр хэмээн төсөөлж тооно болон баганаар дамжин өвөг дээдсийн сүнс сүлд, шүтээнтэй /есөн цагаан туг/ холбогдох утга санааг илтгэнэ.

 

  • Тоононоос доош: Эрдэнийн чулуу, модон сийлбэр, алт мөнгө 9 эрдэнээр чимэглэсэн 168 толгой унь, дээд доод унийг тулан холбох хийцийг хаан төрийн 9 их бэлгээр сийлж урласан 24 нүд бүхий чимэглэл байна.

 

  • Түүнээс доош: Модон сийлбэрээр чимэглэсэн 144 унь нарны цацраг мэт байрлана

 

  • Түүнээс доош модон сийлбэр чимэг бүхий 48 унь хананы толгойд байрлана

 

  • Түүнээс доош эргэн тойрон 66 м х 360 см хана үргэлжилж, унь хананы завсраар эсгий цаваг харагдана.

 

 

Дараагийн цогцолбор Биндэр сумаас 100 орчим километрийн цаана Хэнтий аймгийн Дадал суманд баригдах аж. Энэмэтчилэн зургаан цогцолборыг тойрог байршлаар бүтээн байгуулж Чингис хааны амьдарч байсан түүхэн газар нутгаар аялуулах алс хэтийн зорилго тавьжээ.

 

Монголын ууган археологич, түүхч, зохиолч Хөдөөгийн Пэрлээ тэргүүтэй түүхч, судлаачид Хэнтий аймгийн Дадал сумын нутаг, Гурван нуурын орчимд Их Хуралдай болсон гэдэг судалгааны дүнд санал нэгдэцгээжээ. Монголын нууц товчооны 202 дугаар зүйлд Барс жилд Ононы тэргүүнээ есөн хөлт цагаан тугаа тахиж, хаан цол өргөмжилсөн тухай бичигдсэн байдаг.

 

Мөн Чингис хааны амьдралтай холбоотой маш олон түүхэн газар Дадал суманд зэргэлдэн бий. Тухайлбал Гурван нуур, Дэлүнболдог. Балжин голын бор толгой. Түнхлэг горхин. Дүүрэн хярт уул. Жамуха Тэмүүжин нарын тулаан болсон Даланбалжид. Чингис хааны шургаж орсон Ононы Зээрэн хавцал ч бий гэдгийг түүхчид хэлж байна.

 

 

Тиймээс дөрвөн жилийн турш судалгаа хийсний үндсэн дээр “Их Эзэн-Чингис хаан” цогцолборыг Хэнтий аймгийн Дадал сум Онон Балж байгалийн цогцолборт газарт барихаар болжээ. Энэхүү цогцолборыг байгуулах төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр таван жилийн турш үргэлжилнэ.

 

Азийн хөгжлийн банкны тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлийн төслийн зохицуулагч П.Түвшинжаргал “Нийт 260 га газрыг хамрах ерөнхий төлөвлөгөөтэй. Энэ байгууламж онгон дагшин газарт баригдана. Тиймээс зарим хэсгийг энэ чигээр нь хадгалан үлдээхээр ярилцаж байгаа.  Бүтээн байгуулалт 3-5 га талбайд явагдана. 11-12 давхар орон сууцны барилгатай дүйцэхүйц өндөртэй, өдөрт 4500 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Барилга угсралтын ажил 2021-2024 онд явагдаж 2024 онд Улсын комист хүлээлгэн өгнө. Барилга угсралтыг гүйцэтгэх компанийг олон улсын тендер зарлаж шалгаруулна” гэлээ.

 

 

Цогцолборын зураг, зохиомжийг МУУГЗ зураач, дизайнер Д.Эрдэнэбилэг боловсруулжээ. Энэ цогцолборт Чингис хаан судлалын төвийг байрлуулах аж.

 

Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт сүндэрлэх энэхүү аялал жуулчлалын цогцолборуудыг 2023 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Улмаар Монгол Улс “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан”-аа алдаршуулсан түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэнтэй болох аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
өдөрт 4500 хүн хүлээж авна гэнэ дээ. Нөгөө 400,0 сая хүний чинь ганцхан саяыг хүлээж авах юм байна л даа. Бусад 399,0 сая нь хаагуур явах юм болоо. Ядаж энэ 4500 хүнээ яаж хооллож, байрлуулж, амруулах юм бол.Хуй салхи шиг хоол унд ч үгүй давхиад байх юм уу, Оюукаа их мэдэгч л мэдэж байгаа бх даа.
2020-08-19
Сайхан худ гавьяат уу даа.Худлаа мөөр
2020-08-19
!!!!!!!!!!!!!!!!:
Zurag deerhi baidal Odoo barizan hoer tenger gazar shig ylgaatai haragdaj b na mergejliin hun bish zugeer huuhed ch haraad odor shonoshig boljee yana daa Batbayraa chi yugaa haraad b naa Ajlaa sain hiildee !!!!!
2020-08-19
Кп:
За нэг ийм хэмжээний сэтгэлгүй философигүй юмыг хүн сонирхохгүй л дээ судалгаа ч байхгүй хусцан юм бна дөө түмэн насан хээ хэдэн цэцгэн бад хээтэй 21м бол овоохойны өндөр нь биш тэр антеных нь өндөр 21 метр юм уу
2020-08-19
WTF:
Oyuk ch gurildaj bn doo... ed ch yalgaagui hol yavahgui yum bn doo
2020-08-19
mgl emegtei:
Am ajil zorij bg tod jishee boljee, huurhii
2020-08-19