А.Амбасэлмаа: Гурван хүн эдгэрч, 750 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-08-19

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.19/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 22 сая 48 мянган   хүн халдвар авч, 787 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 234  мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас 295 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 39 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт  3090 хүн байна. 119 дугаарын утсанд 115 дуудлага ирсэн байна.  119 шуурхай дугаарын аппликейшнд  нэг   дуудлага ирсэн. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 750 хүнд шинжилгээ хийлээ.   Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл,  долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн 156 хүний  давтан шинжилгээ, долдугаар  сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 78 хүний шинжилгээ,  энэ сарын 09-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 253 хүний давтан шинжилгээ, 27 эмч, ажилчдын шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа 47 хүний давтан шинжилгээ, ажиглалтад байгаа найман  хүний давтан шинжилгээ,  Орхон аймагт тусгаарлагдсан 77 хүний шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,  мөн Сэлэнгэ аймгийн тусгаарлах байранд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ, Баруунхараад тусгаарлагдсан долоон  хүний шинжилгээ,  тандалтын зорилгоор авсан 12 хүний шинжилгээ   байна.

 

Сайн мэдээ гурван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилжлээ. Тухайн иргэд нь 27,22, 31 настай энхийг сахиулагчид байгаа.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 281 боллоо. Нийт эдгэрээд гарсан 281 хүний 52 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 14 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 215 хүн байна.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 17 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 15 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 38 хүн ажиглалтад байгаа. Мөн өнөөдөр тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй амаржиж, охинтой болсон гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин