Беларус: Лукашенког дэмжсэн жагсаал болжээ
2020-08-20

Беларусын нийслэл Минск хотод Ерөнхийлөгч Александр Лукашенког дэмжсэн жагсаал болжээ. Энэ жагсаалд төрийн тэргүүнийг дэмжсэн олон зуун хүн оролцсон талаар life.ru мэдээллээ.

 

Талбай дээр цугларсан олон хэн нэгний шахалтаар биш өөрсдийн хүсэл зоригоор ирсэн гэж жагсаалд оролцож буй нэгэн эмэгтэй өгүүлсэн байна. "Энд хүн бүр сэтгэл зүрхнийхээ дуудлагаар ирсэн. Хэн ч цуглааныг зохион байгуулаагүй. Бүгд л эх орныхоо төлөө зогсох, дайснуудын гарт эх орноо өгөхгүй байхыг хүсч байгаа" хэмээн тэрбээр life.ru цахим хуудасны сурвалжлагчид ярьсан байна.

 

Мөн бусад иргэд ч улс орондоо тайван байдлыг хүсч байгаа бөгөөд дайны эсрэг зогсон, маргаашийн өдөртөө итгэлтэй байхыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн өнгөрсөн он жилүүдэд хийж гүйцэтгэсэн ажлынх нь төлөө Лукашенкод талархал илэрхийлэхээр ирсэн хэмээсэн байна. 

 

"Бид энэ хүнд үед өнөөгийн ерөнхийлөгчөө дэмжихээр энд ирсэн. Өнгөрсөн 26 жилийн туршид тайван, хөгжин цэцэглэж буй Беларус улсыг бүтээснийх нь төлөө талархал илэрхийлэх хүсэлтэй" гэж жагсагчдын нэг нь онцолжээ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есөнд Беларуст Ерөнхийлөгчийн сонгууль болж, өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80,1 хувийн санал авч, түүний өрсөлдөгч Светлана Тихановская 10,1 хувийн санал авсан юм. Сонгуулийн дүнг танилцуулсны дараа тус улсад эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, олон мянган хүн баривчлагдсан бөгөөд эсэргүүцэл өнөө хэр үргэлжилсээр байна.

 

Беларусын эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг ашиглаж буй зэвсэг хэр аюултай вэ?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин