Нэн ядуу, эмзэг бүлгийн 7000 өрх цар тахлыг давах чадавхийн төсөлд хамрагдана
2020-09-10

 

 

“КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан НЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх гээд нийслэлийн долоон дүүрэгт  хэрэгжүүлэхээр болсон.

 

Энэ төслийн танилцуулга, хэрэгжилтийг хангах арга зүйн сургалт өнөөдөр боллоо. Сургалтыг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун үг хэллээ. Тэрээр:

 

-“Ковид-19” цар тахал гарсан энэ үед төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд бүгд амаргүй замыг туулж байна. Тэр дундаа нийгмийн салбарыг эмчилдэг нийгмийн ажилтнууд маань олон шинэ сорилттой тулж ажиллаж байна. Манай агентлагийн хувьд цар тахал гарснаас эхэлж буюу энэ оны нэгдүгээр сараас улс даяар эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхийн судалгааг хийсэн. Энэ судалгаанд 109 мянга гаруй айл өрх хамрагдсан юм. Эдгээрээс 10 мянга орчим айл нь өндөр эрсдэлтэй, 20 мянга орчим нь эрсдэлтэй, хөл хорио цаашид үргэлжилбэл, 50 гаруй айл эрсдэлтэй нөхцөл байдалд орно гэсэн судалгаа гарсан. Иймээс агентлагийн даргын тушаалаар хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаж, нийслэлийн 9 дүүрэгт хуваагдан өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа айл өрхүүдээр явах, тэдэнд бодит дэмжлэг үзүүлж байна. Энэ ажил одоо ч үргэлжилсээр байгаа.

 

Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, өндөр эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа айл өрхүүдэд бодит тусламж дэмжлэг үзүүлсэн. Хамгийн чухал нь өнөөдөр дээрх судалгаагаар эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа нь тодорхой болсон айл өрхийг өөрийн гэсэн орон гэр, газар, хашаа байшинтай болгох ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Мөн зарим иргэнийг ажлын байраар хангаж, өөрийн гэсэн орлогын эх үүсвэртэй болголоо. Энэ ажлыг хийхэд ганц манай агентлаг биш бусад төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагууд ч хамтран гүйцэтгэсэн. Яг үүнтэй адил одоо хэрэгжүүлэх гэж буй  энэ төсөл маань жинхэнэ эздэдээ хүрээсээ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.  Энэ төсөл сэтгэл зүрхээ чагнан ажиллах ёстой нийгмийн ажилтнууд та бүхний итгэл дээр суурилагдан явах учраас та бүхэн төслийг жинхэнэ эздэд нь хүргэхийн төлөө Нийгмийн ажилтны ёс зүйн дүрмээ баримтлан хичээн ажиллаарай. Ковид-19 цар тахлыг даван туулахад шаардлагатай тусламж, дэмжлэгийг хүргэж, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх энэ төсөлд нэн ядуу, эмзэг бүлгийн 7000 өрх хамрагдах юм. Тиймээс та бүхэн ажилдаа хариуцлагатай хандаж, сайн хэрэгжүүлсэн тайлангаа бүгд хамтдаа дүгнэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн ийм том төсөл олно, хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Сайн төсөл учраас шалгарч, ийм том ажил боллоо. Иймээс энэ төслийг хэрэгжүүлж буй “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар болон “Ногоон Ази” ТББ-ынханд баярлалаа. Санхүүжүүлж буй “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хамт олонд баярлалаа” гэлээ

 

Сургалтад 7 дүүргийн 143 хорооны нийгмийн ажилтнууд болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, НЭМГ-ын төлөөллүүд оролцож байгаа юм.

 

 Э.Үүрийнцолмон 

Shuud.mn
Сонин хачин