Т.Чингэл: Иргэд байгаль хамгаалагчийг хайх шаардлагагүй
2020-09-15

 

Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэлтэй ярилцлаа.

 

-Байгаль хамгаалах тасаг хэчнээн байгаль хамгаалагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

 

-Манай байгууллага 2016 оноос хойш Байгаль хамгаалах тасаг гэж байгуулагдсан. Тасгийн удирдлага дор 33 байгаль хамгаалагч таван хэсгийн зохион байгуулалтаар ажиллаж байсан юм. Манай байгаль хамгаалагчдын  хариуцдаг 116 мянган га ойн сан бүхий дөрвөн дүүргийн газар бий. Алслагдсан нь Багануур, Налайх дүүрэг. Манай хэсгийн зохион байгуулалт таван хэсгээрээ Толгойт, Партизан, Зуслан буюу төвийн хэсэг, Гачуурт, Улиастай гэсэн хэсгүүдэд хуваарилагддаг.Нэг байгаль хамгаалагчид ойн сангаас тооцох юм бол 3500 га газар оногддог.

 

2016 оноос байгаль хамгаалах ажилд хэрэглэгддэг техник, тоног төхөөрөмжийн хэрэгслүүдийг шинэчилж байна. Урьд нь байгаль хамгаалагч ойн цагдаа нэртэй байсан. Одоо техник технологитой илүү харьцдагаас гадна мэдээллийг түргэн шуурхай хүргэнэ. 2017 оноос хойш Зөрчлийн тухай хууль гарснаас хойш байгаль хамгаалагчид хуулийн дагуу харьяаллаараа улсын байцаагчийн эрхтэй болсон. Ногоон бүсэд хамрах байгаль орчинтой холбогдох хэрэг үйлдэгдсэн зөрчилд шууд торгууль тавих эрхтэй.

 

Дулааны улиралд хяналт шалгалтуудаа тогтмол хийдэг. Үүний дагуу 24 цагийн хяналтуудыг Мэргэжлийн хяналт, Экологийн цагдаагийн алба, Дүүргийн байгаль орчны хяналтынхантай хамтарсан шалгалтуудыг хийдэг. Хуурайшилтын үед Онцгой байдлын газартай хамтран урьдчилан сэргийлэх сургалтаа хийж байна.

 

-Хуурайшилтын үед ямар ажлууд хийдэг вэ?

 

-Манай байгууллагын зуслангийн товчооны хэлтсээс зохиож буй томоохон ажил нь хуурайшилтын үетэй холбогдуулан зуслангийн бүсийн иргэдийн хашааных нь өвсийг хадах ажил зохиодог. Зуслантай иргэд малтай айлд зуслангийн өвсөө хадуулан түймрээс айх айдасгүй байж болно. Үүнийг мэдсэн иргэд зуслангийн бүсийн өвсөө хадуулъя гэдэг хүсэлт ирүүлдэг. Харин энэ үед нь хадлан хадъя гэсэн малчдыг тухайн хүнтэй холбож өгдөг. Иймд иргэд аж ахуйн нэгжүүд үнэ төлбөргүй хадлангаа бэлтгэх боломжтой. Хуурайшсан шар өвснөөс болж түймэр дэгдэхгүй байх нөхцөлийг энэ ажлаар бага ч болов шийдэж буй нь энэ.

 

Ойн  тухай хуулиар хаврын хуурайшилтын үе буюу гуравдугаар сарын 20-оос зургадугаар сарын 10 хүртэл байдаг.  Хүн байгаль хоёрын хоорондын харилцаанаас үүссэн зөрчлүүд их гарна. Ийм учраас бид бусад хэв журмыг сахиулдаг байгууллагуудтай байнгын хамтарч ажилладаг.

 

Намрын хуурайшилтын үе буюу есдүгээр сарын 20-оос 11-р сарын 10 хүртэлх хугацаанд ойн сан бүхий газар амьдардаг зарим малчид хүртэл ой руу орж дагалдах баялгийг авах эрхгүй болдог. Маш их хуурайшилтын үе болдог учраас тэнд зорчихыг хүртэл хориглодог.

 

-Нийслэлийн байгаль хамгаалагчдын хариуцсан газар бусад байгаль хамгаалагчдынхаас ялгаатай нь юу вэ?

 

-Ойн сангийн 16 мянган га газрыг байгаль хамгаалагчийн хяналтад, техникээр хүртэл хангаж, үхэн хатан тэмцээд байгаа асуудал гэдэг бол манай нийслэлийн газрын доорх усны хамгийн том баялаг энд байдагтай холбоотой. Ойг дагасан цэвдэг гэж бий. Моддын унагаж, тэр газраар яваад талхлаад байвал газрын доорх ус ширгэж хайлан урсах, газрын гадарга дээр зах замбараагүй гарах асуудлууд бий болдог. Доороосоо халахын зэрэгцээ дэлхийн дулаарал нөлөөлдөг. Иргэд маань нэмэгдэж эдгээр хүчинг нэмэгдүүлээд байхаар энэ ойн сангаа алдчихвал яах юм.

 

Манайх газар нутгийн таван хувьд ч хүрэхгүй маш бага ойтой шүү дээ. Энэ жижигхэн амь болсон газрыг хамгаалахгүй бол нийслэлийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүсийн орчин асар хурдан доройтно. Ингэж тэмцэж байгаа хүмүүс нь манай байгууллагын 33 байгаль хамгаалагч, захиргааны байгууллагын анхан  шатны нэгж болсон хүмүүс юм.

 

-Ойн хууль чангарч зөрчил багассан ч мэр сэр хэргүүд гарсаар байдаг. Иргэд зөрчлийг харсан тохиолдолд танай байгууллагад яаж мэдэгдэх вэ?

 

-Иргэн байгаль хамгаалагчийг хайх шаардлагагүй, “Зуслан” апликэйшнтэй болсон. Үүгээр элдэв зөрчлийн зургийг нь дарж явуулаад мэдээлэхэд манайд мэдээлэл нь ирнэ. Хүн хог хаяж бохирдол үүсгэх, мод чулууг сүйтгэж буй тохиолдлыг харлаа гэж бодоход зургийг нь дараад явуулахад л болно. Мөн энэ системд хүн амын  судалгаанаас эхлэн байгаль орчны төлөв байдал, амьтан орж гарсан мэдээлэл, ус ундны цэг үүссэн, хайлсан, ширгэсэн, эвдэрсэн газар нутаг, огтлогдсон мод хожуулын тоо зэргийн маш олон мэдээллийг хавтасладаг.

 

Сүүлийн үед байгаль хамгаалагчид ухаалаг технологид нэвтэрлээ. Ухаалаг утсан дээр нь тухайн байгаль хамгаалагчийн явж байгаа чиглэл бичигдэж, илгээсэн зураг, бичлэг зөрчлийн мэдээлэлд бүртгэгддэг. Өмнө нь цэнхэр дэвтэр дээр тэмдэглээд хэдэн сарын дараа тайлагнадаг байснаа болиод тухай бүрт нь асуудлыг шийдэж, хяналтын байгууллагуудад нотлох баримт бий болдог болсон.

 

-Энэ апликейшнг дэлхийн бусад орны ой хамгаалагчид ч мөн хэрэглэдэг үү?

 

-Энэ нь дэлхийн 16 улсад хэрэглэгддэг систем юм. Энэ дэвшилтэт технологийг манай байгаль хамгаалагчид ашигладаг. Ой хамгаалагчдын ажлын тайлан цахим архивд хадгалагдаж байна. Нэг талаараа цааснаас татгалзаж байгаль орчны амьтан ургамал эд эс бүрийг хамгаалж буйн илрэл.

 

-Нэг байгаль хамгаалагчид оногдох газар нутгийн хэмжээ хэтэрхий том санагддаг?

 

-Байгаль орчин хамгааллын өөрийн гэсэн нормтой байдаг. Байгаль орчин хамгаалах тухай хуульд нийслэлээс гадуур, бусад аймгуудад нэг байгаль хамгаалагчид ногдох газар нь 150 мянган га газар гэдэг. Энэ бол том хэмжээ. Харин нийслэл буюу суурьшлын бүсэд түүнээс 70 хувиар бага тооцогддог. Тэгэхээр манайхны хариуцаж байгаа нутаг нь нэг хүнд ногдох газрын хэмжээ хангалттай гэсэн үг.

 

-Байгаль хамгаалагчдад хэрэгтэй тоног хэрэгслүүдийн хүртээмж хэр вэ?

 

-Хариуцсан газар нутагтай байгаль хамгаалагчдад зориулагдаж байгаа техник, мотоцикль бий. Хамгийн сүүлийн үеийн 2018 оны уналга байх жишээтэй. Газар нутгаар ачааллыг тооцох хэцүү. Манайх орон нутгийг бодвол суурьшлын бүс учраас хүнтэй харилцана. Газар нутаг жижиг хэдий ч харьцах хүмүүс дэндүү олон. Хууль сурталчлахаас эхлээд л хүнтэй харьцдаг. Нийслэлийн байгаль хамгаалагчаар ажиллаж байсан бол салбар руу очихоор дээгүүр орон тоонд тавигддаг. Учир нь хүнтэй харьцах чадвар нь ажлын туршлага болж, дээгүүр үнэлэгдэх шалтгаан болдог.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
УХНАА:
ГООЙДОЙ НОГООН ХОТХОНЫ ОЙГ ХҮМҮҮС ЗАРААД ОЙ МОД СҮЙТГЭЭД БАЙШИН БАРИАД Л БАЙНА. ХААГУУР НЬ ЗӨРӨӨД БАЙДГЫН ОЧООД ШАЛГАЧААЧ
2020-09-15