COVID-19: Бельги тусгаарлалтын хугацаагаа 7 хоног болгон багасгав
2020-09-28

Бельги улсад коронавирусийн дэгдэллт үргэлжилсээр байгаа ч тус улсын Засгийн газар өмнө нь авч хэрэгжүүлж байсан зарим төрлийн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулахаар болжээ. 

 

Евроньюс агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын нэгнээс эхлэн нийтийн тээвэр, дэлгүүр, кинотеатр зэрэг зөвхөн хүн ихтэй газруудад л амны хаалт зайлшгүй зүүхээр журамласан байна. Харин халдвар ихтэй газруудаас эргэн ирж байгаа хүмүүсийг тусгаарлах хугацааг 14 хоног байсныг долоо хоног болгон багасгажээ.

 

Тус улсын Ерөнхий сайд бельгичүүдийг вирустэй хамтдаа амьдарч сурах ёстой хэмээн мэдэгдсэн байна. "Коронавирусийн цар тахал дуусаагүй, нөхцөл байдал ийм л байна. Вирус хаашаа ч явахгүй, гэвч эцсийн эцэст амьдралын хэв маягийг сэргээх ёстой шүү дээ"  хэмээн Бельгийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

 

Гэхдээ сүүллийн үед халдварын тоо өсч, эмнэлгүүдийн ачаалал хэтрэх аюул тулгарсаныг анхааруулжээ. Улмаар сард таваас илүүгүй хүнтэй ойр харилцаатай байх бөгөөд эдгээр нь зөвхөн танай гэр бүлийн гишүүд байх ёстой, өөрөөр хэлбэл олон хүнтэй харилцахгүй байх нь эрсдэлийг бууруулна хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ. 

 

Түүнчлэн өнгөрсөн баасан гаригаас эхлэн Бельгийн халдвар ихтэй бүс нутгууд руу болон хилийн чанадруу зорчихыг хориглосон журмыг цуцалсан байна. Гэхдээ онц шаардлагагүй бол зорчихыг байхыг зөвлөж байгаа аж.

 

Энд дуулгахад, Бельгид цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол 113 мянгыг давсан бол 19 836 хүн эдгэрч, 9 974 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин