"Энэ хорвоод хүн зовлонг гэтлэх гэж ирдэг"
2020-10-05
Гэрэл зургуудыг MPA.mn

"Анна каренина"-г жүжгийн зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгож,  Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажиллалаа. “Дэлхийн олон орны тайзнаа тоглогддог уг бүтээлийг амилуулах нь тухайн театр болон жүжигчдийн чансааг илтгэдэг. Үүний ард жүжигчдийн ур чадвар мэдлэг оюун тэлж байдаг бол нөгөө талаас үзэгчдийн оюуны тусгаар тогтнол тэлдэг” гэж уг жүжгийн найруулагч Н.Наранбаатар хэвлэлийн хурлын үеэр онцолсон билээ. 

 

Ингээд "Анна Каренина"-г жүжгийг үзэх 10 шалтгааны талаар хүүрнэе.

 

1.Та 1873 оны Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн амьдарч байсан үеийг өнөө цагтай ялган харах, тухайн цаг үеийг нүдний өмнө тоглуулан ажих боломжтой болно. Тэр цаг үеийн нийгмийн ёс суртахуун одоо цагаас хэр ондоо бол ?

 

2.Анна Каренинагийн дүрд УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа тоглодог ч түүний толин тусгалд 60 гаран настай Ардын жүжигчин Н.Сувд тоглосон. Амьдрал үзэх гэж буй залуу Анна, амьдрал үзсэн туршлагатай Анна хоёрын хооронд ямар яриа үүсгэх бол? Яг энэ гаргалгаанд найруулагчийн амьдралыг үзэх философилог үзэл шингэсэн аж.

 

3.Бид нийгэмд болох үйл явдал бүрийг сэвж, хөөсрүүлж байдаг. Яг энэ амьдрал, түүний уршиг хэн нэгэнд нь ямар санагддаг бол ? Та ингэж бодож байсан бол тийм явдлын үр дүнг энэ жүжиг маш тодоор харуулна.

 

4.Уг жүжиг Монголд анх удаа тавигдаж байна. Үүний хэлбэр хийц, тавилтыг сонжих, дэлхийн театр болон кино урлагтай харьцуулан дүгнээрэй.

 

5. Тайз засал, улирал, орчин гээд их нийцтэй цаг хугацааны урсгалыг хэрхэн харуулах нь сонирхолтой.

 

 

6.Хүний амьдралд юу чухал гэдгийг тодруулна. Нэр хүндийг чухалчлах нь гэр бүлийн харилцааг хэрхэн хүйтэн хөндий байлгадаг болохыг Алексей Каренинийн жишгээс харж болно.

 

7.Залуу жүжигчдийн ур чадварыг тодруулах аж.  “37-р точка” киноны Тогосоогийн дүрд тоглосон Д.Хулангийн тайзны анхны дүр Кити Щербацкая юм. Мөн Алексей Вронскийн дүрд залуу жүжигчин Т.Сэргэлэн дүр бүтээсэн юм.

 

8.Энэ жүжиг эрэгтэй, эмэгтэй хүний нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлыг илүү тодруулжээ. Эр хүн амьдралд алдвал хэн ч түүнийг буруутгахгүй харин эмэгтэй хүн амьдралдаа өөрчлөлтийг хийхэд хэрхэн ханддаг болохыг харуулна.

 

9.Долли, Китти, Анна гурваар эмэгтэй хүний сэтгэл зүйн олон өнгийг гаргасан бол Каренин, Левин, Вронский, Облонский дөрвөөс эрчүүдийн төрлийг харж болох мэт.

 

10.Энэ зохиолыг унших бүрт өөр өөр өнцгөөр харагддаг тухай найруулагч Н.Наранбаатар онцолдог. 10 жилийн охин уншихад харах өнцөг өөр бол 30 настай 40, 50 гээд бүх насанд өөр өөр өнцгөөр тусна. Иймд жүжгийг нь үзээд харах өнцөг ахин нэмэгдэнэ биз ээ.

 

Энэ жүжгээс "төрсөн" ишлэлүүд:

 

  • Жаргалтай айлууд ерөнхийдөө адил төстэй, харин бүхий л зовлонтой гэр бүл өөр өөрийнхөөрөө л зовох юм даа.
  • Хүн бүхэн ертөнцийг өөрчлөх тухай боддог. Харин хэн ч өөрийгөө өөрчлөх тухай боддоггүй.
  • Үхэх бол хамгийн амархан сонголт. Энэ хорвоод хүн зовлонг гэтлэх гэж ирдэг.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Po:
108 зовлонг хүн ойлгодог болхоос гэтлэх нтр биш шүү . Зовлон бол худлаа хий хоосон сэтгэлтэй холбоотой зүйл
2020-10-05