Ч.Уртнасан:Дархлаагаа дэмжвэл томуугийн халдварт өртсөн ч хүндрэхгүй
2020-10-10

 

ХӨСҮТ-ийн ТҮН-ийн их эмч Ч.Уртнасантай томуу томуу төст өвчний талаар ярилцлаа.

 

-Улсын хэмжээнд “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн аян үргэлжилж байна. Томуу томуу төст өвчин гэж юуг хэлэх вэ?

 

-Томуу томуу төст өвчний 200 гаруй төрлийн вирус байдаг. Томуу болон томуу төст өвчнөөс сэргийлэх арга, өвчилсөн үед хийгдэх эмчилгээ зэрэг нь бүгд адилхан. Зөвхөн өвчлөл үүсгэж байгаа вирүс нь ялгаатай бөгөөд үүнийг та эмнэлгийн байгууллага, лабораторийн шинжилгээний тусламжтайгаар мэдэх боломжтой.

 

Тиймээс  томуу томуу  төст өвчний тандалтыг  21 аймаг есөн дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан зохион байгуулдаг. Энэ үед томуу томуу төст өвчнийг үүсгэгч риновирус эргэлтэд байна. Томуугийн вирус эргэлтэд ороогүй байгаа.

 

-Томуу томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Томуу томуу төст өвчин амьсгалын зам болон ахуйн хавьтлаар халдварладаг.

 

Амьсгалын замын халдвараас сэргийлэх  аргыг өвөрмөц болон өвөрмөц бус гэж ангилдаг. Өвөрмөц арга нь вакцин юм. Томуугийн вирус хувьсамтгай учраас жил бүр дархлаажуулалтыг  зохион байгуулдаг. Тиймээс тухайн жилд эргэлтэд байгаа вирусийг тандалтад тулгуурлан томуугийн вакцины найрлагыг ДЭМБ-аас зарладаг. Томуугийн вакцин хийлгэснээр томуугийн өвчлөлөөс гадна хүндрэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тиймээс эрсдэл бүлгийн хүн амын судалгаагаар нийслэлийн хэмжээнд зургаан сартайгаас 9 насны хүүхдүүд, аймаг орон нутагт 2-5 насны хүүхдүүд,  жирэмсэн эмэгтэйчүүд, 65 болон түүнээс дээш насныхан, архаг хууч өвчтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулж байна. Энэ жил Засгийн газрын бодлогоор вакцины  хангамжийг гурав дахин нэмэгдүүлж эрсдэлт бүлгийн хүн амыг вакцинжуулж байгаа.

 

Өвөрмөц бус арга нь дархлаагаа дэмжих, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, амны хаалт хэрэглэх, гарын ариун цэврийг сахих, шаардлагагүй бол олон нийтийн газраар явахаас зайлсхийх, өөрт  тохирсон дасгал хөдөлгөөн хийх зэрэг арга хэмжээнүүд байдаг. Энэ жил Коронавирус цар тахлын улмаас нэгдүгээр сараас амны хаалт зүүх, гараа угаах болон олон нийтийн арга хэмжээг хязгаарласнаар томуу томуу төст өвчний өвчлөл, эмнэлэгт хэвтэхийг богино хугацаанд тав дахин бууруулж чадсан. Иймээс эдгээр арга нь зардал багатай, энгийн, маш их үр дүнтэй байгаа нь харагдаж байна.

 

-Томуу томуу төст өвчин бүрэн эдгэрдэг үү?

 

-Бүрэн эдгэрдэг өвчин. Томуу томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн үед насанд хүрэгчид дур мэдэн эмчилдэг. Томуу томуу төст өвчнөөр өвчилсөн хүмүүс бүрэн эдгэртэл эмчилгээ хийх ёстой. Эмчилгээгээ бүрэн хийж дуусгадаггүй зэрэг тохиолдлуудаас дахин сэдрэх тохиолдол бий.

 

Олон улсын судалгаагаар сэрүүн бүсийн орны нэг хүн жилд 4-6 удаа томуу томуу төст өвчний халдварт өртдөг. Халдварт өртдөг гэдэг нь тухайн хүн томуугийн вирусаар өвдөнө гэсэн үг биш. Гаднаас халдвар авдаг. Тухайн хүний биеийн онцлогоос хамаараад шинж тэмдэг илрэх, хүндрэх нь тухайн хүний биеийн онцлогоос хамаардаг.

 

Тиймээс дархлаагаа дэмжвэл томуугийн халдварт өртсөн ч хүндрэлгүй даван туулах бүрэн боломжтой.

 

-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

 

-Томуу томуу төст өвчний үед олон шинж тэмдэг илэрдэг. Нусгайрах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ханиах найтаах, хоолой хүндрүүлэх, үе мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

 

-Манайд томуу томуу төст өвчний эмчилгээний ямар аргыг ашиглаж байна вэ?

 

-Томуу томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол эмчийн зааврын дагуу зөв зохистой хугацаанд нь эмчилгээ хийх ёстой.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин