Коронавирус утасны дэлгэц,мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног "амьдрах" чадвартай
2020-10-12

Мөнгөн дэвсгэрт, ухаалаг гар утасны дэлгэц зэрэг гадаргуу дээр коронавирус урьд өмнө тооцоолж байснаас ч удаан буюу 28 хүртэлх хоногийн хугацаанд "амьдардаг" гэдгийг Австралийн Үндэсний эрдэм шинжилгээний агентлагийн судлаачид тогтоожээ. Гэхдээ мэргэжилтнүүд гадаргуу дээр тогтсон вирусүүд бодитоор халдварлах аюул заналхийлнэ гэдэгт эргэлзэж байгаа гэнэ. Коронавирус ихэвчлэн ханиаж, найтаах эсвэл ярилцах үед агаар дуслын замаар халдварладаг юм.

 

SARS-Cov-2 вирус нь мөнгөн дэвсгэрт болон шилэн гадаргуу дээр 2-3 өдөр, харин хуванцар болон ган гадаргуу дээр 6 хүртэлх хоногоор хадгалагдах боломжтой гэдгийг өмнөх лабораторийн судалгаагаар тогтоож байлаа.

 

Гэвч энэ удаагийн судалгаагаар, коронавирус илүү удаан хугацаанд амьдрах чадвартай бөгөөд тасалгааны температурт хуванцар болон цаасан мөнгөн дэвсгэртүүд, ухаалаг утасны дэлгэц зэрэг гөлгөр гадаргнуунууд дээр дөрвөн долоо хоног хүртэлх хугацаагаар амьдрах чадвартай гэдэг нь тогтоогджээ. Харьцуулахад, энгийн ханиадны вирус ийм нөхцөлд 17 хүртэлх хоног амьдардаг байна.

 

"Вирус хэр удаан амьдрах чадвартайг бид тогтоосноор вирусийн дэгдэлтийг тооцоолон, хязагарлаж, хүн амыг илүүтэйгээр хамгаалах боломжтой болно гэж Австралийн Үндэсний эрдэм шинжилгээний агентлагийн гүйцэтгэх захирал, доктор Ларри Маршалл  онцолсон байна.

 

Харин Кардиффийн их сургуулийн ханиад судлалын төвийн захирал асан, профессор Рон Экклс Австралийн эрдэмтдийн энэхүү ажлыг шүүмжлэн, вирус гадаргуу дээр 28 хоног амьдрах боломжтой гэсэн таамаглал нь "хүмүүсийг үндэслэлгүйгээр айдаст автуулна" хэмээн мэдэгдсэн байна.

 

Австралийн эрдэмтдийн шинэ таамаглалаас болж айдаст автах шаардлагагүйг батлаж буй эрдэмтэд цөөнгүй бий. Тухайлбал, Калифорнийн их сургуулийн анагаах ухааны профессор Моника Ганди өнгөрсөн долоо хоногт  Nautilus ярилцлага өгөхдөө коронавирус гадаргуугаар дамжин халдварладаггүй хэмээн онцолсон юм.

 

"Цар тахал эхэлж байх үед олон хүн хоёрдогч замаар халдварлахаас айж байсан. Харин өнөөдөр, та гадаргууд хүрч, дараа нь нүдэндээ хүрснээрээ халдварлаж байгаа биш харин халдвар тээгчтэй ойр байсны улмаас халдвар авч байгааг хүмүүс мэдэх болсон" хэмээн профессор Ганди онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин