COVID-19: Дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 48 саяыг давлаа
2020-11-05

Жон Хопкинсийн их сургуулийн сайт дээр мэдээлснээр, 11 дүгээр сарын тавны байдлаар дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 48 саяыг давжээ. 

 

Тодруулбал, цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний нийт тоо 48 005 784 болсон байна. Коронавирусээр үүсгэгдсэн өвчний хүндрэлийн улмаас 1 224 111 хүн нас барсан бол 31 830 497 хүн эдгэрчээ. 

 

Халдварын тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байна. Энэ улсад 9,4 сая хүн коронавирусийн халдвар авчээ. АНУ-ын араас, 8,3 сая халдварын тохиолдолтой Энэтхэг, 5,5 сая халдварын тохиолдолтой Бразил улс тус тус бичигдсэн байна.

 

Харин хойд хөрш ОХУ-д нийт халдварын тохиолдол 1 693 454 болж, 1 266 931 хүн эдгэрсэн бол 29 217 хүн нас баржээ.Тус улсад сүүлийн үед халдварын дэгдэлт эрс өсч байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 19 768 халдвар шинээр бүртгэгдсэн байна. 

 

Улмаар ОХУ-д халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин авч хэрэгжүүлэн, Москва мужийн өндөр настнуудыг өөрийгөө тусгаарлах,  иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүгээгүй бол торгох журам үйлчилж эхэлжээ. Түүнчлэн Москва хотын 6-11 дүгээр ангийн сурагчдын хичээлийг цахимаар орох хугацааг дахин сунгаж, 11 дүгээр сарын 22 хүртэл сурагчид цахимаар хичээллэхээр болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Бямбасурэн:
Халдварын тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байна гэж ярьж бичих нь маш буруу. Тэргүүлэх гэдэг үгийг ялангуяа ямар нэг уралдаан тэмцээний үр дүнг олонд хүргэхэд хэрэглэж болох үг юм. Өвчлөл ярьж, түүний мэдээллийг олонд хүргэх гэж байгаа бол жишээ нь АНУ-д халдварын тоо буурахгүй нэмэгдсээр байна гэх мэтээр хэлж ярьж бичих хэрэгтэй байх. Эрүүл мэндийн яамны мэдээлэл хийж байгаа мэргэжилтнүүд (Янжмаа гэдэг эмэгтэй дандаа тэргүүлж байна гэдэг байсан.) Энэ цар тахлаар дэлхийн улс орнууд уралдаагүй учир тэргүүлж байна гэж ярьж бичих нь оновчгүй байна. Хавраас хойш энэ хэллэгийг засах байх гэж их харсан ер засахгүй юм.
2020-11-05