Трамп эрх мэдлээ шилжүүлэхийг зөвшөөрчээ
2020-11-24

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дараагийн захиргаанд бүрэн эрхийг шилжүүлэн өгөхтэй холбоотой анхан шатны ажиллагаанд шаардлагатай арга хэмжээ авахыг АНУ-ын Захиргааны ерөнхий асуудал эрхэлсэн газрын дарга Эмили Мерфи болон захиргааныхаа гишүүдэд зөвлөжээ. Ингэснээр Трамп Жозеф Байденд эрх мэдлийг шилжүүлэх явцыг эхлүүлэхийг үүрэг болгосон гэсэн үг юм.Гэхдээ тэрбээр өөрийгөө ялсан гэдэгт итгэсээр байгаа аж. 

 

"Бидний үйл хэрэг үргэлжилнэ. Бид тэмцлээ үргэлжлүүлнэ, бид ялна гэдэгт би итгэж байна. Гэхдээ улс орны ашиг сонирхолд нийцүүлэн анхан шатны протоколуудтай холбоотой арга хэмжээ авахыг Эмили болон түүний багийнханд зөвлөж байна. Багтаа ч би ингэж хэлсэн " хэмээн Трамп Твиттер хуудсандаа бичжээ. 

 

CNN агентлагийн мэдээлснээр Захиргааны ерөнхий асуудал эрхэлсэн газар Байденд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлэн өгөх ажиллагааг эхлүүлэхэд бэлэн гэдгээ түүнд мэдэгдсэн байна. Үүнээс өмнө Байдены төлөөлөгчид энэ газарт хандан Ардчилсан намын гишүүнийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг хүлээн зөвшөөрөх хүсэлтийг гаргаж байлаа.

Учир нь Захиргааны ерөнхий асуудал эрхэлсэн газрын дарга Эмили Мерфи шаардлагатай баримт бичгүүдэд гарын үсэг зурахааас татгалзаж байсан бөгөөд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй, Байденыг ялсан гэдгийг хөдлөшгүй батлах албан ёсны эцэслэсэн мэдээлэл гараагүй хэмээн тэрбээр мэдэгдэж байв. 

 

АНУ-ын сонгуулийн хууль тогтоомжийн дагуу, 11 дүгээр сарын 23 хүртэл шуудангаар илгээсэн саналын хуудсуудыг мужууд тоолж, 12 дугаар сарын 12 хүртэл муж бүр дээр санал хураалтын дүнг баталгаажуулах ёстой юм. Улмаар 12 дугаар сарын 14-ний өдөр төлөөлөн сонгогчдын коллегийн гишүүд саналаа өгч, ирэх оны нэгдүгээр сарын зургааны өдөр Конгрессын хоёр танхимын хуралдаан дээр коллегийн гишүүдийн санал хураалтын дүнг баталгаажуулна. Ингээд нэгдүгээр сарынх 20-ны өдөр шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин