Хятад, Австралийн сөргөлдөөнд "жиргээ" нэрмээс болов

Худалдааны маргаан, Австрали коронавирусийг олон улсын зүгээс мөрдөн шалгахыг шаардсанаас үүдэлтэй Хятад, Австралийн харилцаа хурцадмал байгаа энэ үед Хятадын албаны этгээдийн Твиттер дэх жиргээ гал дээр тос нэмэв.
Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь Афган хүүхдийн хоолойд хутга тулгаж буй Австрали цэргийн эвлүүлсэн зургийг Твиттер хуудаснаа нийтэлжээ. Зурган дээр "Битгий ай, бид энх тайвныг тогтоохоор ирсэн" гэх бичиг байх аж. "Афганы энгийн иргэд болон олзны хүмүүсийг хөнөөснийг сонсоод цочирдлоо. Ийм үйлдлийг эрс шүүмжлэн, буруутай хүмүүсийг шийтгэхийг уриалж байна" хэмээн Жао Лижянь бичжээ.
Ийм жиргээ нийтлэгдэх болсон нь хэд хоногийн өмнө нийтэд ил болсон мэдээлэлтэй холбоотой юм. Тодруулбал, 2009-2013 оны хооронд Афганистаны дайны үеэр Австралийн SAS тусгайгийн элит тасгийн цэрэг болон түрүүч нар хангалттай нотлох баримтгүйгээр 39 хүний аминд хүрсэн талаарх мөрдөн шалгалтын үр дүн 11 дүгээр сарын 19-ний өдөр нийтлэгдсэн. Гэхдээ хохирогчдын дунд хүүхдүүд байгаагүй, мөн хохирогчдыг хутгаар хөнөөгөөгүй гэх бөгөөд мөрдөн шалгалтын ажлыг Австралийн хүний эрхийг хамгаалагчдын санаачилгаар Австралийн Засгийн газар явуулжээ.
ГХЯ-ны төлөөлөгчийн жиргээ биш харин эвлүүлсэн зураг Австралийн эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн байна. Ингээд үүнтэй холбоотойгоор Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон тусгайлан хэвлэлийн хурал зарлаж, дээрх зургийг байж болшгүй хэмээгээд Твиттерээс энэ зургийг устгах, харин БНХАУ-аас албан тушаалтныхаа өмнөөс уучлалт гуйхыг шаардсан байна.
"Энэ үнэхээр байж болшгүй, ямар ч зөвтгөл байхгүй үйлдэл. Хятадын Засгийн газар ичих ёстой. Энэ нь түүнийг дэлхий нийтийн нүдэн дээр гутааж байна" хэмээн Моррисон мэдэгджээ.
Харин үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуньин "Австрали цэргүүдийнхээ өмнөөс ичих ёстой" хэмээсэн байна.
Гал дээр тос нэмсэн хэрэг...
Нэгэндээ тун чухал худалдааны түншүүд болох Хятад, Австралийн харилцаа хурцадмал байгаа энэ үед дээрх жиргээ гал дээр тос нэмсэн хэрэг болов.
Хурцадмал харилцаанд нэрмээс болсон жиргээний эзэн Жао өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ "Афганистан дахь цэргийн гэмт хэргүүд нь хүний эрх, эрх чөлөөний талаар байнга ярьдаг Барууны орнуудын хоёр нүүрийг бүрэн илчилж байна" хэмээн мэдэгдэж байжээ.
Харин энэ удаагийн шуугиан тарьсан жиргээний улмаас Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон дипломат бус хариу үйлдэл гаргав. Тэрбээр "гутамшигт, ой гутам гүтгэлгийнхээ төлөө" Хятадын Засгийн газар ичих ёстой хэмээсэн юм.
Эндээс Австрали, Хятадын харилцаа хэр хурцадсан нь харагдана. Олон улсын худалдаанд тогтворгүй нөхцөл байдал үүссэн энэ үед ийм явдал болсон нь олон улсын ажиглагчдын анхаарлыг ихээр татаж байгаа юм.
Дипломат харилцааны хурцадмал байдал
Австрали 5G сүлжээ нэвтрүүлэх ажилд Хятадын Хуавэй компанийг оролцуулаагүй, дараа нь анх Хятадад илэрсэн коронавирусийн цар тахлыг олон улсын зүгээс мөрдөн шалгах ёстой гэж мэдэгдсэний улмаас хоёр орны харилцаа ихээхэн хурцадсан юм. Хятад Австралийнх мэдэглийнх хариуд буудайн импортын татвар ноогдуулж, үхрийн мах худалдаж авахаа зогсоон, жуулчид болон оюутнуудаа Австрали руу зорчихгүй байхыг зөвлөсөн.
Энэ байдал хамгийн том нүүрс экспортлогчоо Хятад "шахаанд " оруулснаар үргэлжилж, өдгөө Хятадын боомтууд дээр 500 сая долларын өртөг бүхий нүүрс тээвэрлэсэн хөлөг онгоцууд хэдэн сар ачаагаа буулгаж чадахгүй зогсож байгаа юм. Хятад Австралийг ингээд орхисонгүй, дарсанд 200 гаруй хувийн татвар ноогдуулснаа, "демпингийн эсрэг арга хэмжээ" гэж хаацайлан дахин нэг чангалсан. Энэ татвар 11 дүгээр сарын 28-наас эхлэн үйлчлэх бөгөөд үүнийг байж болшгүй хэрэг хэмээн үзсэн Австралийн эрх баригчид Дэлхийн худалдааны байгууллагад хандахаар болсон юм.
Хятад Австралийг дахин "чангалав"
Австрали, Хятадын нүүрсний дайнд Монгол хожиж мэднэ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ