Эрсдэл үргэлж бий...
2020-12-14

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл тогтоосон. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн гэсэн үг. Харин Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын бүх нийтийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл хэвээр үлдээсэн. Коронавирус халдвар дотоодод бүртгэгдсэн анхны тохиолдол арваннэгдүгээр сарын 11-нд бүртгэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэл хот болон зургаан аймагт голомтлон улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 454 болжээ. Тодруулбал,

 

  • Улаанбаатар хот: 138

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Дорноговь аймагт: 31

  • Орхон аймагт: 25

  • Сэлэнгэ аймагт: 208

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.

 

ХӨСҮТ-өөс мэдээлж буйгаар  манай улсын дотоодын халдвар болоод зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан нийт тохиолдол 907 байна.Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Нийт эдгэрээд гарсан 384 хүний 27 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 35 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 514 хүн эмчилгээнд байна. Эдгээр хүмүүсийн  биеийн байдлыг үнэлбэл, 429 хүн хөнгөн, хүндэвтэр 79, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 135 хүн хөнгөн, хүндэвтэр 27  байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 214 хүнээс 157 хүн хөнгөн, хүндэвтэр 51, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс хүндэвтэр 1, хөнгөн 12 хүн байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 125 хүн эмчлэгдэж байгаа.

 

Гамшгаас хамгаалах  бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэн нэг сарын хугацаанд 18 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж,  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байсан бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр 34  салбарын үйл ажиллагаа хэвийн явагдах  бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн горимд шилжих юм.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй эдгээр өдрүүдэд  иргэн бүр хариуцлагатай байх нь чухал юм. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нэг л хүн хариуцлага алдаж, халдварт өртвөл нөхцөл байдал хүндэрч, эрүүл мэнд хийгээд эдийн засаг улам дордох болно.

 

Тиймээс хүн хоорондын зай баримтлах, дотоод гадаад орчинд амны хаалт зүүх,  ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийх, халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх, давс, нимбэг, содтой бүлээн усаар ам, хоолойгоо зайлах,  гадуур явахдаа бээлий өмсөх, олон хүн цугларсан газар явахгүй байх, бусадтай гар барих,  сайн унтаж амрах, 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх, шүлсээ хаяхгүй байх, өөрөө тасалгааныхаа агааржуулалтад анхаарах зэрэг мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж зөвлөгөөг дагаж мөрдөх нь хамгийн чухал зүйл болоод байна.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин