Изральд вакцинжуулалт эхэлж, Нетаньяху эхний хүн нь болов
2020-12-21

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху бямба гарагт тус улсаас коронавирусийн вакцин тариулсан анхны хүн боллоо. Тодруулбал, Pfizer вакциныг Ерөнхий сайд Тель-Авив хотоос холгүй байх Рамат-Ган хотын "Тель ха-Шомер" эмнэлэгт коронавирусийн вакцин хийлгэх явцыг тус улсын телевиз шууд дамжуулжээ. 

 

"Олон нийтийг вакцинжуулалтад хамрагдахад уриалахын тулд Ерөнхий сайд камерын өмнө вакцин хийлгүүлж, өөрийн биеэр вакцинд итгэж байгаагаа харуулсан" хэмээн Израилийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Ерөнхий сайдын дараа Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн урьдчилан сэргийлэх тарилга хийлгүүлжээ.

 

"Хүн бүрийг вакцинд хамрагдахыг уриалж, тэдэнд үлгэр жишээ болохын тулд эхлээд надад болон сайд Эдельштейнд вакцин тарихыг хүссэн" хэмээн Нетаньяху тарилга хийлгэхийн өмнө мэдэгдсэн байна.

 

Ийнхүү Израилийн Ерөнхий сайд урьдчилан сэргийлэх тарилга хийлгүүлсний маргааш өдөр нь буюу 12 дугаар сарын 20-ны ням гарагт тус улсад вакцинжуулалтын эхний шат эхэлжээ. Эхний ээлжинд эмнэлгийнх ажилтнууд, анагаах ухааны сургуулийн оюутнууд, ахмадын асрах байрны ажилтнууд хамрагдах бөгөөд түүнчлэн төрийн байгууллагууд болон эрх барих байгууллагуудын төлөөлөгчид олон нийтэд үлгэр жишээ болох үүднээс вакцин тариулах аж.


Үүний дараа эрсдлийн бүлгийнхэн буюу багш, хүүхдийн цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнууд, хорих газрын ажилтнууд болон хоригдлууд вакцинжуулалтад хамрагдах юм байна. Одоогоор 16 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, түүнчлэн жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд, хүнд төрлийн харшилтай хүмүүст вакцин хийхгүй байхаар төлөвлөжээ.


Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Израиль Pfizer компанийн боловсруулсан коронавирусээс сэргийлэх вакцины эхний хэсэг нийлүүлэгдсэн байна. Тус улс 4 сая иргэнд буюу хүн амынхаа 50 хувийг вакцинжуулахаар дээрх вакцины нийлүүлэлтийн гэрээ байгуулжээ.

 

Түүнчлэн, долдугаар сард Модерна компаниас вакцин авах гэрээ байгуулсан бөгөөд хожим нь өөр хэд хэдэн компанитай вакцин бэлэн болмогц худалдан авах гэрээ байгуулж байсан юм.

 

Мөн энэ улс зөвхөн гадаадаас вакцин хүлээлгүй, өөрсдийн вакциныг ч боловсруулж байгаа. Тодруулбал, 11 дүгээр сарын нэгний өдөр Израилийн боловсруулж буй коронавирусийн вакцины клиникийн туршилт эхэлсэн юм. Туршилт гурван шаттай явагдах бөгөөд эхнийх нь амжилттай дууссан байна. Мянган сайн дурын хүн оролцох хоёр дахь шат ойрын өдрүүдэд эхлэх бол сүүлийн шатыг дөрвөөс тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин